УИХ-ын гишүүн Н.Учрал БНСУ-ын “Данкук” их сургуулийн Мэдрэлийн мэс заслын эмчийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Н.Учирал профессор Ким Ён Жуны хамт
2017.04.14
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Н.Учрал БНСУ-ын “Данкук” их сургуулийн Мэдрэлийн мэс заслын эмчийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр (2017.04.14) Төрийн ордонд БНСУ-ын “Данкук” их сургуулийн Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Ким Ён Жунгыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд профессор Ким Ён Жун өөрийгөө танилцуулж, Монгол Улсад хийж байгаа ажлынхаа талаар ярив. Тэрбээр “Данкук” их сургуулийн Мэдрэлийн мэс заслын тасагт хүзүү, тархи, нуруу нугасны эмч аж. Монгол Улсад хоёр жилийн өмнөөс тогтмол ирж ажиллаж байгаа бөгөөд Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэгт тархины мэс заслын шинэ технологи нэвтрүүлжээ.

Энэ удаад хөдөө орон нутгийн алслагдсан аймаг, сумд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй нэн ядуу, зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, зөвлөгөө өгөхөөр ирсэн байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай улсад эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, оюуны хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийг сонгож, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, монгол эмч нартай туршлага солилцож байгаад талархал илэрхийлье. Тус дүүрэгт иргэдийн шилжилт хөдөлгөөн их, албан ёсны хаяг, бүртгэлгүй хүмүүс олон байдгаас нийт оршин суугчдыг хамруулан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Таны ажлыг хувиасаа дэмжиж бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байна” хэмээснээр уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ