Н.Учрал: Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ
УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.02.16
Улстөр

Н.Учрал: Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ

2015 онд баталсан Эрүүгийн хууль өмнөх уламжлалыг эвдсэн байв

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа. Тэрбээр хуулийн төсөл боловсруулахдаа салбарын эрдэмтэн, судлааачдын байр суурийг сонсох ёстой гэдгийг онцолсон юм.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Үүний шалтгааныг олон янзаар тайлбарласан. Хойшлуулах ямар шалтгаан байсан бэ? 
-Монгол Улсын эрүүгийн эрх зүйн уламжлал гэж бий. Уламжлалыг алдагдуулж болохгүй юм. 1920-иод оны үеэс Эрүүгийн хуулийн үндэс суурь тавигдсан. Мөн 1942, 1961 оны Эрүүгийн хууль гэж бий. Үүнээс хойш 1986 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн эрх зүйн тогтолцоо, уламжлал нь өөрийн дэг жаягаар өнөөдрийг хүрсэн. 2015 оны арванхоёрдугаар сард Х.Тэмүүжин нарын гишүүд одоогийн Эрүүгийн хуулийг өргөн барьсан. Ингээд хуулийн дагаж мөрдөх хугацааг нь 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр гэж заасан байсныг нь 2017 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан.
2016 оны есдүгээр сараас хуулийг хэрэгжүүлэхэд зардал, мөнгөний хүндрэлтэй асуудал тулгарсан. Учир нь энэ хуулиар ялын шинэ төрлийг бий болгож, зарим гэмт хэргийн ангиллыг байхгүй болгосон байсан юм. Ялын шинэ төрлийг хэрэгжүүлэх мөнгө, санхүү байхгүй байснаас гадна хууль сурталчлан таниулах ажил хийгдээгүй байсан гэсэн үг. Эрүүгийн хууль нь хүний амь, амьдралтай холбоотой.
Тиймээс уг хуультай холбоотой бүхий л заалтыг маш сайн судалж шийдэх ёстой юм. 2015 оны Эрүүгийн хууль өмнөх уламжлалыг эвдсэн байсан. Тодруулбал, гаднын улсуудын хуулиудаас маш олон заалтыг орчуулж оруулсан. Гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг хассан. Мөн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэлбэрээр нь зүйлчилсэн байсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс үүссэн тодорхой хохирлыг тавилгүйгээр хэлбэрийн төдий ялимгүй хэргийг гэмт хэрэгт тооцохоор байсан.
-Гэхдээ Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Өөрчлөлт оруулах ямар шаардлага байсан бэ?
-Өнөөгийн нөхцөлд нийцээгүй, боломж нь бүрдээгүй, практик болон онолын хувьд алдаатай ойлголтыг засаж залруулахын тулд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. 1989 онд “Их долоо”-гийн байгуулсан Олон улсын санхүүгийн түр хороо гэж байдаг. Уг түр хороонд өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй 30 гаруй орон нэгдчихсэн байна. Терроризм болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор уг түр хороог байгуулсан. Уг байгууллагын дэргэд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг бий. Энэ бүлэгт манай улс байдаг. Тус байгууллага нь улс орнуудыг саарал болон хар жагсаалтад оруулдаг. Энэ байгууллагаас санхүүгийн чиглэлээр шийдэх ёстой 40 зөвлөмжийг манай улсад өгсөн.
Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол хар жагсаалтад оруулдаг. Хар жагсаалтад орвол дэлхийн бусад санхүүгийн байгууллагатай ямар нэгэн хэлэлцээр хийх эрхгүй болно. Энэ байгууллага нь өөрөө дэлхийн санхүүгийн байгууллагуудад “Энэ улстай хэлэлцээр хийж болохгүй шүү” гэсэн шаардлагыг хүргүүлдэг гэсэн үг. Тэгэхээр бид тодорхой зөвлөмжүүдийг нь дагах ёстой юм. Тийм ч учраас хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх тодорхой зохицуулалтуудыг нь хуульд тусгасан.
-Өөр зохицуулалт тусгасан уу?
-Авлигын гэмт хэргийг шинээр оруулснаас гадна гэмт хэргийн хохирлыг тодорхой болгох зохицуулалтуудыг оруулж өгч байна. Үүнээс гадна гэмт хэргийг ангилалгүй болгосон байсныг ангилалтай болголоо. Зорчих эрхийг хязгаарлах ялын хэргийг хойшлуулж байгаа. Мөн эдийн засаг, авлига болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дээр ялын бодлогын зохицуулалтыг зохих түвшинд чангатгаж өгсөн.
-Торгох ялыг нэгжээр ногдуулахаар хуульчилсан. Харин нэмэлт, өөрчлөлтийн төсөлд торгох ялын хэмжээг бууруулсан байсан?
-Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэж байгаа. 2015 оны шинэчилсэн найруулгад 2000 төгрөгөөр тооцсон байсан. Хүнд ногдуулах торгох ялын хувьд 100-40000 нэгж буюу 100 мянгаас 400 сая төгрөг байна. Хуулийн этгээдэд ногдуулах торгох ял 10000-400000 нэгж буюу 10 саяас 400 сая төгрөг байгаа. Харин Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хүнд ногдуулах шийтгэл 10-20000 нэгж, хуулийн этгээдэд ногдуулах торгох шийтгэл 100-200000 нэгж байх юм.
Манай улсын хувьд 2002 оны Эрүүгийн хуулиас өмнө торгох ялыг төгрөгөөр тооцдож байгаад 2002 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Бусад улсын туршлагаас харахад эдийн засгийн хувьд болон ханшийн өсөлт бууралт, амьжиргааны түвшин тогтвортой улсууд торгох ялын хэмжээг өөрийн мөнгөн дүнгээр тооцож байгаа. Манай улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, ханшийн өсөлт бууралт их байгаа учир мөнгөн дүнгээр тооцсоноос нэгжээр торгох ялаа илэрхийлээд явбал зохистой юм. Шаардлагатай бол нэгжийг хэдээр тооцох зохицуулалтаа эргэж харахад цаг үетэйгээ нийцээд явах боломж үүсэж байгаа гэж үзэж байна.
Гэмт хэргийн хохирлыг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр тунхагийн шинжтэй зүйл, заалтуудыг засаж байгаа юу?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд тунхагийн шинжтэй зүйл, заалт байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлд заасан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгана гэсэн заалт өнгөрсөн 15 жилийн хугацаанд огт хэрэгжээгүй. Мөн уг хуулийн 69 дүгээр зүйлд заасан насанд хүрээгүй этгээдийг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын сургалтад хамруулж засаж залруулна гэсэн заалт ч хэрэгжээгүй. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэдэн хүүхдийг хорилгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлсэн юм бэ. Энэ тоо өнөөдөр бүрхэг байна. Үүнээс гадна ялын нэг л төрлийг ногдуулахаар хуульчилсан хэргийг цэргийн жинхэнэ албан хаагч, насанд хүрээгүй этгээд, гурав хүртэл насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг солих боломжгүй гэсэн заалт нь маш их хүндрэлийг үүсгэж болох байдалтай байгаа.

-Үүнийг хэрхэн засах ёстой вэ?

-Нийгмийн бүхий л төрлийн салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаачид болон туршлагатай мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсох ёстой. Тэдний гаргасан тодорхой санал санаачилгуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол олон улсын гэрээ конвенц үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ