Н.Учрал: Монгол эрдэмтний ганцхан патент 12 давхар байшингийн үнэ хүрсэн
УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.02.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Н.Учрал: Монгол эрдэмтний ганцхан патент 12 давхар байшингийн үнэ хүрсэн

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Инновацийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг та ахалж байгаа. Хэрэгжилт ямар төвшинд байна вэ?

-2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан. Хуулийг даган 22 журам батлах байсан ч гурваас бусад нь батлагдаагүйгээс болж хэрэгжих боломжгүй болсон. Хэрэгжилтийг шалгахтай холбогдуулан уулзалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр Инновацийн хууль батлагдан гарсан даруйгаасаа хэрэгжих боломжгүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Хэрэгжилтийг хангах буюу сурталчлан таниулах ажлыг хийгээгүй. Иргэдэд хуулийн ач холбогдлыг танилцуулаагүй. Дагалдах журмуудыг нь баталсан бол төрийн захиргааны төв байгууллагууд нь хамтын ажиллагааныхаа зарчмыг тохирч, ажлын хэсэг байгуулан, тодорхой журам, гэрээг байгуулан ажиллах байсан. Зөвхөн хуульд зохицуулагдсан заалтыг хэрэгжүүлж ажиллах гэхээр хөрсөндөө бууж өгөхгүй байгаагаас гадна төрийн байгууллагуудын дунд үл ойлголцол үүсээд байна.

-Инновацийн салбарт хандах хандлага сайжрахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

-Инновацийн хууль батлагдсанаар инноваци, өндөр технологийн газар гэдэг бүтцийн нэгжийг байгуулах шаардлага бий болсон. Энэ дагуу Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд нэгж байгуулан ажилласан. Гэтэл Үндэсний шинэтгэлийн хороо нь Эдийн засаг, хөгжлийн яам руу шилжсэн. Харин одоо Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны харьяанд ирчихсэн байна.

Нэг үгээр хэлбэл, “Энэ манай ажил биш” гэж хэлээд байгуулсан нэгжийг нь байгууллага дамжуулж явуулаад байдаг. Бие, биенээсээ холдуулаад байна. Одоо Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд гурван хүнтэй “Өндөр технологи, инновацийн хэлтэс” байна. Хэлтсийн ажил мэтээр л хандаад байдаг. Бид инновацийг шинжлэх ухаантай хэт их андуурдаг.

Шинжлэх ухаан бол мэдлэгийг бүтээх үйл явц. Харин мэдлэгийг баялаг болгох үйл явц бол инноваци юм. Инноваци тоогоор хэмжигддэг учраас шинжлэх ухаан гэхээс илүүтэй эдийн засгийн асуудал. Гарааны компани хэд байгуулагдсан. Тэд ямар хэмжээтэй борлуулалт хийсэн, хэдэн ажлын байрыг бий болгосон, улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ гэдгээр нь ажлын үр дүнг нь хэмждэг. Инноваци нэг бус бүх салбарын асуудал. Гадны орнуудад инновацийн бие даасан агентлагууд бий болсон байна.

Тайванд шинжлэх ухааны паркийг байгуулан тэндээ гарааны компаниудыгаа нэгтгээд эдийн засагтаа маш том түлхэц болж байна. Манай улсын хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхайн салбар гэх мэт бүх төвшинд инновацийн үйл ажиллагаа шаардлагатай. Бүх салбарт инновацийн нэгж байх ёстой. Инновацийн үйл ажиллагааг дэмжих, шинэ технологийг дамжуулдгаараа салбар бүр хоорондоо өрсөлдөх систем рүү явах ёстой. Уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь үүнтэй холбоотой. Бид энэ талаар ойлголт маруухан. Мөн эрх зүйн орчинтой холбоотой.

-Хуулийн үр өгөөжийг тодруулбал?

-2012 онд батлагдсан хуулинд гарааны компаниудыг дэмжих талаар олон зохицуулалт орсон. Тухайлбал, гарааны компани байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж бараа таваар оруулаад ирвэл гааль татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байгаа. Эхний гурван жилийн татварыг нь тэглэсэн. Мөн үйл ажиллагаа явуулах газар ашиглалтын төлбөрийг нь 10 жил, НӨАТ-ыг нь бас чөлөөлсөн.

Энэ мэт инновацийн хууль батлагдан гарсантай холбоотойгоор гааль, татварын олон хуульд өөрчлөлт орсон. Төрөөс худалдан авалтыг хийхдээ өндөр технологи шингэсэн, инновацийг агуулсан бүтээгдэхүүнийг авах ёстой гэдэг давуу эрхийг нь хүртэл олгочихсон. Гэтэл хэрэгжүүлж чадахгүй байна. Хэрэгжиж буй хуулийг зохицуулалт бүрээр нь авч үзвэл олон сайн зүйл бий.

Хууль батлагдсанаар 32 гарааны компани байгуулагдсанаас дөрөв нь хөнгөлөлт эдэлжээ. Энэ дэндүү бага тоо. Шинжлэх ухааны нээлт хийсэн, патент, зохиогчийн эрх, ашигтай загвараа авсан эрдэмтдийн бүтээлийн тоотой харьцуулахад 32 гарааны компани гэдэг нь дэндүү бага тоо. Өнөөдөр манай их, дээд сургуулиуд тэр дундаа Хөдөө аж, ахуйн их сургууль, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн маш олон эрдэмтний патент авсан бүтээл бий. Хөрөнгө оруулагчид “Гайгүй санаа, шинэ патент байна уу.

Би хөрөнгө оруулж бизнес хиймээр байна” гэж ярьж байна. Эрдэмтэд шинжлэх ухааны нээлт хийж патент авчихаад байдаг. Нөгөө талд компаниуд шинэ санаа хайгаад байдаг ч хоорондоо уулзаж чадахгүй байна. Төрөөс зохицуулж өгсөн хуулийн чиг үүргээ мэддэггүй. Төр, шинжлэх ухааны байгууллага, бизнес эрхлэгч гурвыг холбож өгөх л чухал байна. Мөнгөө юунд зарцуулахаа мэдэхгүй эрэл, хайгуул хийж буй хүмүүст нь эрдэмтдийнх нь патентыг өгчих хэрэгтэй.

Харин төр ажиллах аргыг нь заагаад өгчих. Би хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьж, салбарын яамнаас нэг л асуултыг асуусан. “32 гарааны компанийн борлуултын орлого нь ямар байсан юм. Энэ компаниуд хэдэн ажлын байрыг бий болгосон. Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ” гэж. Хариултаа авч чадаагүй. Энэ бол 32 гарааны компани бүртгүүлчихээд лабораторийн төвшинд үйлдвэрлэл эрхэлж байгааг илтгэж байна. Хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэл явуулаагүй байна.

-Зах зээл хумигдмал байж мэдэх юм?

-Зах зээл байхгүй. Төрөөс дэмждэггүй. Мөн хуулийн зохицуулалт байгаа ч компаниуд нь уялдаж өгөхгүй байна. Хууль батлагдахаас өмнө байгуулагдсан том компаниуд үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулаад эхэлсэн жишээ бий. Гэхдээ хууль батлагдсаны дараа байгуулагдсан гарааны компаниудын хувьд чамлалттай байгаа юм.

-Монгол залуусын мэдлэг, боловсрол олон улсын төвшинд гологдохооргүй болсон. Зарим нь инновацийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн том компаниудад ажиллаж байна?

-Тэдгээр залуус надаас “Хэрвээ би 100 сая төгрөгийн патенттай тэгээд Солонгост амьдардаг бол банкинд энэ үнийн дүнгээрээ барьцаална. Монголд 100 сая төгрөгийн патентийг 10 саяар ч барьцаанд авахгүй. Ийм л үнэ цэнэгүй байна. Яах ёстой вэ” гэж асуудаг. Монгол эрдэмтэн Солонгост ганцхан патент зараад 12 давхар байшин худалдаж аваад амьдарч байна. Тэнд нь үйлчилгээ явуулдаг. Зарим эрдэмтэд “Би эрдмийнхээ ажлыг хийе.

Харин сайн бизнес эрхлэгчтэй хамтарч ажилламаар байна” гэдэг. Эрдэмтэн хүн шинэ санаа гаргачихаад давхар бизнесийн ажил хийх гээд явж байна. Уг нь тэр хүн эрдмийн ажлаа хийх ёстой. Хөрөнгө оруулалт хайж явах ёсгүй. Зохилдолгоо алга. Тэгэхээр бид гадны зах зээлд ажиллаж буй залуусаа дэмжих тал дээр үнэхээр сайн ажиллах ёстой. Төрийн хөрөнгө оруулалтын асуудалд анхаарах шаардлага бий болсон.Мөн Монголд инновацийн сан бий болох цаг нь болсон.

-Инновацийн үйл ажиллагаа явуулж буй залуусын хүчин чармайлтыг дэмжих ажил руу хэзээ орох вэ?

-Инженерийн мэргэжлээр оюутан сурагчдыг сургахад онцгой анхаарах хэрэгтэй. Гадны улсад сурах сургалтын төлбөрийн тэтгэлгийг байгалийн ухаан, инженер, өндөр технологийн салбар руу өгөх нь чухал. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбар руу оруулах хэрэгтэй. Мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргадаг ажил руу анхаарч ажиллах ёстой. Гадагшаа гарч буй бүтээгдэхүүний 88 хувь нь технологийн агууламжгүй. Нэг үгээр хэлбэл зүгээр л шороо зөөж байна. Гадны нэг эрдэмтэн гаргаж байгаа шороондоо мэдлэг шингээгээч гэж зөвлөсөн. Мэдлэг, нэмүү өртөг, монгол ухаан шингээж гадагш гаргавал ашиг олдог юм гэж хэлсэн.

Тэгэхээр эх орондоо үйлдвэрлэж байгаа инновацийн бүтээлээр үзэсгэлэн гаргах, эрдэмтдийн патентыг олон нийтэд сурталчлах, хөрөнгө оруулагч, патент эзэмшигч хоёрын уулзварыг тодорхой болгох, гадны улс орнуудад монгол эрдэмтдийн бүтээл, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулбал манай эрдэмтдийн бүтээл үнэт зүйл болно. Монгол эрдэмтэд патентаа эзэмшүүлээд хувиа авдаг, залуус нь зохион бүтээсэн апплейкшнээ зараад мөнгө олдог болох юм. Олон сайхан график дизайн хийсэн залуусынхаа бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах санаачлагыг дэмжих ёстой.Залуус биднээс их зүйлийг хүсээгүй. Монголын төр өөрөө зохицуулалтыг нь зөв хийгээд өгчих хэрэгтэй.

-Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах шийдвэр гарсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Эрдэмтэд нэг дор суудаг газрыг шинжлэх ухааны парк гэдэггүй юм. Монголын шинжлэх ухааны паркид гарааны компаниудын бизнесийг бойжуулдаг, туслалцаа үзүүлдэг,зөвлөгөө, консалтинг үзүүлдэг байх ёстой юм. Компаниуд бүртгэлээ авч ажил эхлүүлээд том үйлдвэр болж, тэндээс өрх тусгаарладаг байх ёстой юм.

Манайхан бүгд үндэсний үйлдвэрлэгч болох гэж туйлширдаг. Англи, Америк мөнгө авдаг л орон болсон. Патентаа Хятадад эзэмшүүлээд ашгаа хүртэж байна. Давуу талаа ашиглаж юу хийх боломжтойг бодох хэрэгтэй. 265 хоног нартай байдаг орон бол Монгол. Тэгэхээр байгалийн хүчин зүйлийг ашиглаж баялаг бүтээж болно. Утааг бууруулах, агаарын бохирдлоос сэргийлэх зэрэг нийгэмд хэрэгцээ шаардлагатай зүйлийг эрдэмтдээрээ хийлгэж иргэдийн санаачилгыг дэмжих ёстой. Ирээдүйд үлдэх бидний үр хүүхдийг тэжээх сайхан нийгмийг бүтээхийн тулд хүссэн, хүсээгүй инноваци, өндөр технологийн салбарыг дэмжих хэрэгтэй. Монгол мэдлэг, оюун санаа дэлхийг байлдан дагуулаад эхэлчихсэн юм бол Монголын төр үүнийг нь бодлогоор дэмжих ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ШИНЭ МЭДЭЭ