Н.Учрал: Арбитрын хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор байсан
УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.01.20
Хууль, эрх зүй

Н.Учрал: Арбитрын хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор байсан

УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар Олон гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлах шаардлага үнэхээр байсан юм уу. Хуульч, судлаачийн хувьд өөрийн байр суурийг илэрхийлээч?

Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Батлахдаа өмнөх хуулийг хүчингүйд тооцоогүй баталсан учраас энэ оны нэгдүгээр сараас эрх зүйн нэг харилцааг зохицуулж буй хоёр хууль хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөл байдал үүссэн юм.

Иймээс Олон улсын гэрээг хүчингүйд тооцох тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Нэгэнт процессын алдааг засч байгаа     учраас гишүүний хувьд шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж буй хуульд өөрийн зарчмын саналаа хэлсэн.

Тухайлбал, Олон улсын гэрээний тухай хуулийг батлахдаа процессын алдаа гаргасан байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд харшилсан зохицуулалтуудыг баталсан байгааг өөрчлөлт, оруулаад засаад явах шаардлагатай байна. УИХ-ын бүрэн эрхэд халдсан зохицуулалт ороод ирсэн байна. Гуравдугаарт, Улсын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна гэсэн санал хэлсэн.

УИХ-ын цөөн хуульч гишүүний хувьд процессын алдаа, болон төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн зарчмыг сахин хамгаалах нь мэргэжлийн үүрэг шүү дээ. Нөгөө талаар УИХ- ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 'хэд хэдэн удаа Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцсоны хувьд цаашлаад тэнд очоод унах, процессын алдааг хүлээн зөвшөөрч болмооргүй байгаа юм.

-Үндсэн хуульд харшилсан, УИХ-ын бүрэн эрхэд халдсан зохицуулалт батлагдсанучраас засах шаардлага гарсан гэлээ. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийн зарчмын хувьд төрийн гадаад бодлогын үндсийг УИХ буюу парламент тодорхойлдог. Түүнийг нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг. Гэвч УИХ-ын гадаад бодлогын үндсийг тодорхойлсон асуудлыг Засгийн газар дахин авч хэлэлцэх нь төрийн эрх мэдэл хуваарилалтын зарчим, хяналт тэнцлийг алдагдуулах эрсдэлтэй. Парламент бол хууль тогтоох байгууллага.

Тиймээс  улсын гадаад бодлого, улс гүрний хамтын ажиллагааны үндсийг тодорхойлж түүнийг нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэх ёстой. Гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэх явцад бодлогын хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар олгосон.

Гэтэл сая өргөн барьсан Олон улсын гэрээний тухай хуулийн 21.4-т “Олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага судлан, шаардлагатай бол энэ тухай тодорхой санал боловсруулан холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 25.1.2 дахь заалттай харшилж байгаа хэрэг.

Өөрөөр хэлбэл, парламент нь олон улсын гэрээг соёрхон баталдаг, тайлбарладаг, гадаад бодлогын үндсийг тодорхойлдог байх нь парламентын засаглалтай улсад байдаГ жишиг. Гэтэл парламентынхаа энэ эрхийг Засгийн газар нь эдэлчихээр хоёр улсын хооронд, олон улсын хоёр болон олон талт гэрээг Засгийн газрын хуралдаанд хэлэлцээд явах нь өөрөө хэр зохимжтой вэ гэдгийг бодолцох ёстой.

-Улсын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохимжгүй гэж үзсэн байна. Яагаад?

Манай улсын хувьд олон улсын 200 гаруй олон талт, 2000 гаруй хоёр талын хэлэлцээр байгуулаад байгаа. Эдгээрийг шүүх тайлбарлах нь онолын хувьд маргаантай. Нөгөө талаар судлаачийн байр сууриас харахад зохимжгүй.

Ер нь олон улсын гэрээг хэрэгжүүлэх хоёр арга зам байдаг. Нэгдүгээрт, олон улсын гэрээнд нэгдэж орсноор түүнийг шууд хэрэгжүүлэх буюу манай улсын Үндсэн хуулийн 10,3 т заасны дагуу дотоод хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэгдэх, хоёрдугаарт, нэгдэн орсон олон улсын гэрээг дотоодын хууль тогтоомждоо тусган замаар хэрэгжүүлдэг.

Манай улс эдгээрийг аль алиныг нь хэрэгжүүлж байгаа ч олон улсын гэрээг хууль, шүүхийн практикт хэрэглэж заншаагүй байна. Олон улсын гэрээг эх сурвалжийн хэмжээнд ашиглахад ямар онол, хандлагыг баримталж байгаа вэ гэдэг нь бас чухал юм. Үндсэн хуулиар хууль тайлбарлах эрх Улсын дээд шүүхэд бий.

Гэвч олон улсын гэрээ бол өөрөө их онцпогтой. Олон улсын гэрээнд оролцогч талууд гэрээг тайлбарладаг. Олон улсын гэрээний тухай венийн конвенцид тухайн улс орон нь “pact sunservanda” зарчмыг дагаж мөрдөх ёстой. Дээрх зарчим олон улсын гэрээг зөрчиж буй аливаа үйлдлээ дотоод хууль тогтоомжоор зөвтгөж үл болно, олон улсын гэрээнд үнэнч байх тухай зарчим юм.

Олон улсын гэрээг тайлбар (Resarvation  хийхдээ   гэрээний  жинхэнэ утга санааг илэрхийлэхийг хэлнэ. Хэрэв гэрээний оролцогчид тухайн гэрээнд орсон нэр томъёо тусгай утга санаа илэрхийлж байна гэж үзвэл уг гэрээнд заасны дагуу тайлбар хийж болдог. Гэвч тэдгээр тайлбарлах эрх нь шүүхэд хадгалагдах нь өөрөө зохимжгүй. Учир нь шүүх бол олон улсын гэрээний оролцогч биш.

Шүүх хэрэг маргаан хянан шийдвэрлэх явцад олон улсын гэрээг хэрэглэж байгаа. Манай улс монист чиг ханддагатай учраас дотоодын хууль тогтоомж олон улсын гэрээтэй зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрддөг. Гэхдээ шүүхэд зөвхөн өөрөө хэрэгжих эс хэрэгжих гэрээний хэм хэмжээнээс нь хамаарч хэрэглэх эсэхийг шийдвэрлэх эрхийг олгох нь өөр асуудал. Иймээс шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохимжгүй гэж хэлээд байгаа хэрэг.

-УИХ-ын   чуулганы хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүнтэй хэд хэдэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр хатуухан үг хэлсэн. Тухайлбал, Арбитрын тухай хууль байна.Үнэхээр О.Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг энэ хуулийг баталснаар ОХУ, БНХАУ-ын аманд орчих гээд байгаа хэрэг үү?

Уг нь өмгөөлөгч хийж байсан хүн арбитр, шүүхийн ялгаагаа мэдэж л байх ёстой юм. Арбитр бол хөндлөнгийн шүүх. Шүүхийг бодвол талууд өөрийн арбитрчаа сонгоод, сонгогдсон арбитрчид даргалагч арбитрчаа сонгоод явдаг онцлогтой. Нөгөө талаар хурдан шуурхай хэрэг маргаан шийдвэрлэдэг, зөвхөн иргэний эрх зүйн харилцаанд гэрээний эрх зүйн маргааныг шийддэг, тодорхой мэргэшсэн арбитрууд байдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад орвол манай улсын хууль тогтоомжийг шууд хэрэглэгдэх нөхцөл  бүрдэх гэх мэт онцлогтой.

Би О.Баасанхүү гишүүнийг энэ бүхнийг мэдэхгүй байна гэж бодохгүй байна. Зориуд чуулганы хуралдаанд иргэдэд таалагдах гэдэг, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандахгүй байна гэж харж байна. Арбитрын хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор байсан. Учир нь энэ хуулийг өргөн барьж байх үед гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа манай улсад хөрөнгө оруулах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бага байсан үе шүү дээ.

Нөгөө талаар одоо мөрдөгдөж байгаа хуулийг баримтлаад хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байх явцад хүндрэлтэй асуудлууд гарч байгаа. Тухайлбал, хоёр жилийн хугацаанд 58 хэрэг маргаан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа урт, шүүхийн оролцоо их, арбитрын шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд даваад шүүх нь арбитрынхаа шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй тооцоод явж байгаа практик байгаа юм.

Тэгэхээр арбитр өөрийн үндсэн онцлог, мөн чанараараа бий болж чадахгүй байгаа хэрэг юм. НҮБ- ын Олон улсын худалдаа, эрхзүйн комиссын олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуульд 2007 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин манай улсын хувьд 2007 оны нэмэлт өөрчлөлтийг дагаад хуулиндаа өөрчлөлт оруулаагүй. Иймээс энэ хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Арбитрын хуулийг олон улсын хүлээн зөвшөөрүүлэх үндэслэл шаардлага нь юу юм бэ. НҮБ-ын загвар хуульд нийцүүлснээр гарах үр дүн нь юу юм бэ?

Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитраар хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа хэрэг, нөгөө талаар Монгол Улсын хууль тогтоомжийг бусад улс орны арбитр хэрэглэх, эх сурвалж болох гэх мэт олон ач холбогдолтой. Наад зах нь гадаадын хөрөнгө оруулагчид Лондоны, Хонконгийн арбитрт өгөөд бизнес эрхлэгч нар маань гадаадын арбитраар шийдвэрлүүлэхийн тулд үнэтэй өмгөөлөгч хөлслөх гэх мэт. Ер нь бол бизнес эрхлэгчдийг төр дэмжих ёстой.

Дэмжинэ гэдэг эрх зүйн орчныг бий болгохыг хэлэхээс биш татварыг нь хөнгөлөөд төдийлөн үр дүнгүй. Маргаан гарвал маргааныг түргэн шуурхай шийддэг систем бий болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх олон талын дэмжлэг байгаа шүү дээ

ШИНЭ МЭДЭЭ