
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай 106 дугаар цэцэрлэгт шинжлэх ухаанч сэтгэхүйг хөгжүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүн гардуулав
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар цэцэрлэгт ажиллалаа.
Тус цэцэрлэг 1986 онд байгуулагдсан бөгөөд 28 багштай, 6 бүлэгт 240 гаруй хүүхэд 24 цагаар суран хүмүүждэг онцлогтой цэцэрлэг юм.
Хүүхдийн сэтгэхүйг шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи, сэтгэлгээний гоо зүйгээр IQ хөгжүүлэх Олон улсын стандартын хичээлийн хэрэглэгдэхүүн, тоос сорогч, угаалгын машин, смарт зурагт, суурин компьютерыг 106 дугаар цэцэрлэгт гардуулан өглөө.
СӨББ-д хүлээлгэн өгч буй энэхүү бүтээгдэхүүн нь 3, 4, 5 нас тус бүрт 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багш, сурагчийн гарын авлага, эцэг эх асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүйн хэрэглэгдэхүүнтэй бөгөөд нэгэн зэрэг 30-40 хүүхэд хичээллэх боломжтой 10,000+ ширхэг эд анги, түүнийг ангилан савлах 66ш хайрцаг, бүх хайрцгийг байрлуулах тавиуртайгаар өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ “106 дугаар цэцэрлэг нь Монгол ахуй, ардын урлагаар сурагчдаа сурган хүмүүжүүлдэг байсан бол өнөөдрөөс Олон улсын жишигт нийцсэн оюун ухааныг бүтээлчээр хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж байгаад баяртай байна. Цаашид тухайн цэцэрлэгийн гал тогоо, гадна орчин, фасадыг үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо” хэмээв.