О.Саранчулуун: Иргэдээ ижил тэнцүү хамгаалж чадахгүй бол хууль санаачлагч гишүүн байгаад яах юм
2025.02.06

О.Саранчулуун: Иргэдээ ижил тэнцүү хамгаалж чадахгүй бол хууль санаачлагч гишүүн байгаад яах юм

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай Ярилцлаа. 

-Хаврын морин уралдааныг зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасны дараа та болон хэд хэдэн гишүүд нийлж тус шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр таны хэлсэн үгийг мушгиж зарим иргэд сөргөөр хүлээн авлаа. Дайралт ч их явуулж байгаа харагдсан. Үүнийг та хэрхэн хүлээж авав? 

-Мэдээж өв соёл, өв уламжлал гэдэг зүйл бий. Би түүнийг үгүйсгээгүй. Хамгийн гол нь тэдгээр өв соёлын наадмуудад хүмүүс гэмтэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байхад үүнийг асуудлыг хэмжээнд авч үздэггүй болохгүй шүү дээ. Миний хувьд яг энэ тоохгүй үлдээдэг хүн хохирдог асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Яг үнэндээ унаач хүүхдийн гэмтэл гэдэг ганц морин уралдааны үеэр болоод байгаа зүйл биш. Бэлтгэлийн явцад хүүхдүүд эцэг эхээсээ хол боловсрол, эдийн засаг, хоол хүнс, сэтгэл зүйн хувьд давхар хүчирхийлэлд өртөж байна гэдэг нь олон улсын судалгаа болон бодит кейсүүд дээр нотлогдоод байна. Тиймээс тэр асуудлыг ил гаргах гэж мэдэгдэл хийгээд байгаа юм. Энэ нь өөрөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа зүйл. Нөгөө талд хэдийн эрүүл мэнд, эд эрхтэн, амь насаараа хохирчхоод нийгэмд ил гаргахаас айдаг олон хохирогч байна. Тэд ил гарч илэрхийлэхээс айж байна гэдэг нь энэ салбарт ямар их далд хүчирхийлэл байгааг харуулж байна. Ийм учраас бид хүүхдийг эрүүл мэнд, амь насанд нь хортой зүйл рүү түлхэхгүй байх ёстой. 

-Хүүхдийг харсаар байгаад эрсдэлд оруулах нь насанд хүрэгч миний буруу гэдгийг ойлгодог олон нийт хэрэгтэй-

-Хаврын морин уралдааны асуудал сөхөгдсөнөөр морь унаад насаараа хөдөлмөр эрхлэх чадамжгүй хөгжлийн бэрхшээлтэй болчихсон хүүхдүүд гарч ирлээ. Харин нөгөө талд морио унуулсан гэх уяачид нь зүгээр явж байгаа нь ил боллоо. Морин уралдааныг эсэргүүцэж байгаа гишүүдийн хувьд энэ асуудал дээр хэрхэн анхаарал хандуулж байна. Хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх, сайжруулах боломж байна уу? 

-Энэ бол зайлшгүй анхаарах ёстой зүйл. Бид өмнө нь хүүхдийн хүчирхийллийг хамгийн их ил байдаг бие мах бодийн хүчирхийллээр дүгнэж, зохих хариуцлагыг нь оногдуулах хууль эрх зүйн орчинтой болсон. Харин дээрх асуудалтай холбоотойгоор тус хуулийн үл хайхрах хүчирхийлэл гэдэг зүйлийг сайжруулах хэрэгтэй. Хүүхдээ харваас эрүүл мэндийн эрсдэлтэй байгааг нь мэдсээр байж огт хайхрахгүй, анхаарахгүй орхино гэдэг бол хүүхдийн үл хайхрах хүчирхийлэл мөн. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн бичиг баримтуудад байгаа үл хайхрах хүчирхийллийн хэлбэр, агуулгад үл хайхрах хүчирхийллийн хэлбэр агуулгыг зөвөөр оруулж, томчуудын санаатай болон санаандгүй үйлдлийг илүү хариуцлагатай болгох заалтуудыг нэмж өгснөөр хүүхэд хамгаалах хууль эрх зүйн орчин нэг түвшин дээшилнэ. Өвлийн хүйтэнд хүүхэд нь толгой нүцгэн явж байна. Хүүхэд нь машинд бүсээ бүслээгүй урд суудалд суугаад явж байна. Хүүхэд нь нүдэн дээр нь хүнд хөдөлмөр эрхлэх, өөрсдөөс нь хол морь унаад явж байхад хараа хяналтгүй чигт нь орхино гэдэг нь хүүхдийн эрхийн эсрэг хийж байгаа хүчирхийллийн хэлбэр мөн гэдгийг бид нийтээрэй ойлгох хэрэгтэй. Үүний хамгийн тод жишээ хурдан морь унаж байгаа хүүхдүүд. 

Судалгаагаар унаач хүүхдүүдийн ар гэр ихэвчлэн санхүүгийн асуудалтай, амьдралын боломж муутай. Тиймээс хүүхдэдээ анхаарал тавих чадалгүй. Хүүхэд нь бэртсэн тохиолдолд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж заргалдаж явах бололцоогүй байгаа нь батлагдсан. 

Мөнгөтэй хүний өмнө мөнгөгүй хүн хүчин мөхөс гэдэг асуудал энэ дээр гарч байгаа юм. Тийм учраас бид өөрсдийгөө хамгаалж чадахгүй, нийгмийн эмзэг давхаргад байгаа хүн ардаа ижил тэнцүү хамгаалж ажиллахгүй юм бол энэ улсын хууль тогтоогч гишүүн байгаад яах юм. Шударга ёсыг бий болгохын тулд бид эдгээр хүмүүсийг хуулиар л хамгаалж өгөх ёстой. Хамгийн зөв хувилбар нь энэ. Дээрээс нь хуулийг ойлгодог олон нийт хэрэгтэй. Хүүхдийг харсаар байгаад эрсдэлд оруулах нь насанд хүрэгч миний буруу гэдгийг ойлгодог олон нийт хэрэгтэй. Тиймээс би энэ чиглэлийн хуулийн шинэчлэлд дуу нэгтэйгээр гар өргөж оролцоно. 

-Та нийгмийн ажлын мэргэжилтэн. Энэ салбарын томоохон хэсэг нь мөн хүүхэд хамгаалал. Тэгэхээр салбартаа хүүхдийн эрхийг хамгаалах ямар ажил хийх вэ. Зорьж байгаа зүйл бий юу? 

-Олон нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын салбарт ажилладаг. Тэгэхээр нийгмийн ажлын тухай хууль дээр бас энэ хүүхэд хамгааллын хуульд заасан заалтуудыг шигтгэж өгөхөөр ажиллана. Өөрөөр хэлбэр энэ хоёр хуулийг уялдуулж хийнэ гэсэн үг.

-Орон нутагт мэргэжлийн бус нийгмийн ажилтан их бий. Зарим нь сэтгэлтэй. Зарим нь асуудалтай-

-Нийгэм ажилтнууд мэргэжлийн бус, хүрэлцээгүй байгаагаас үүдэн орон нутагт хүүхдэд хүрч чадахгүй ажиллаж чадахгүй байгаа олон асуудал гарч байна. Энэ намар л гэхэд сургуулийн орчинд удаан хугацаанд хүчирхийлүүлж байсан хоёр ч ЕБС-ийн хүүхэд амиа хорлосон харамсалтай хэрэг гарлаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ? 

-Хуулийн төсөл боловсруулахтай холбоотойгоор судалгааны ажил хийгдсэн үү. Орон нутагт хүрч ажиллаж чадав уу. Сумандаа мэргэжилгүй ах дүү нараа сургуулийн бүхий л сул орон тоонд дүүргэчихсэн тохиолдол байна. Нөгөөх сул албан тушаалд нь нийгмийн ажилтан бас орчихсон байгаад байдаг. Тэд мэдээж хүүхдийг хамгаалж мэдэхгүй шүү дээ. Нөгөө л загнаж, зодоод болчихно гэдэг агуулгаараа явж байгаа байх? 

-Одоогоор орон даяар дөрвөн мянга гаруй нийгмийн ажилтан тоологдоод байгаа. Эндээс хүүхэд хамгаалал, хөдөлмөр халамж үйлчилгээний салбарт нийгмийн ажилтнуудын 60 хувь нь ажиллаж байна. Нийгмийн ажилтнууд дээр яг таны сая хэлсэн асуудлууд гарч байгаа учраас бид энэ хуулиараа Мэргэжлийн холбоо, Үндэсний нийгмийн ажилтнуудын зөвлөлийг байгуулж, салбар дотор нь зохион байгуулалт хийнэ. Тус байгууллагаар дамжуулан аль нь яг мэргэжлийн хүүхэд хамгааллын үйлчилгээ байх юм гэдгийг ялгаж, салгаж цэгцэлнэ. Ер нь бол орон нутагт яг мэргэжлийн нийгмийн ажилтан хүрэхгүй байгаа. Тиймээс яах араггүй орон нутагт нийгмийн ажилтан гэдэг орон тоон дээр мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа тохиолдлууд байна. Тэр дунд хүүхдийн төлөө гэсэн чинь сэтгэлтэйгээр ажиллаж байгаа хүмүүс ч байна. Гэхдээ аль ч талбарт бидэнд нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийн ёс зүйтэй. Ажиллаж байгаа ажил үйлчилгээ бүр нь хүний амьдралыг өөрчлөх, сайжруулахад зорьсон байх ёстой боловсон хүчний шаардлага гарч байна. Тиймээс үүнийг хамгийн зөв зохистой хувилбараар нийгэмд бүтээхийн тулд ямар байвал дээр вэ гэдгийг гаргахаар нээлттэй хэлэлцүүлэг хийгээд явж байгаа. Яг орон нутагт нийгмийн ажилтнаас болж хүүхэд хохирсон тохиолдолыг нэгтгэж харсан судалгааг би одоохондоо хараагүй байна. 

Харин Монгол Улсад байгаа олон улсын болон судалгааны байгууллагуудын олон жижиг тайлангуудад хүүхдийн эрхийн зөрчлийн талаар маш их бодит кейс нийтлэгдэж байна. Эндээс “I love” буюу олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан судалгаа болон англи, японы хүүхдийн төлөө сангууд яг энэ асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ нийгмийн ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой хэсэг дээр тогтсон дүн шинжилгээ одоогоор гараагүй л байна. Судалгааны үр дүнг хуулийн төсөлдөө бас оруулаад явна. Хэрэв энэ хуульд судалгаа бас хэлэлцүүлгийн үр дүнг шингээж чадвал нийгмийн ажлын үйлчилгээ маш их цэгцэрнэ гэж харж байгаа.