Б.Мөнхсоёл: Хүний эрхийн өндөр мэдрэмж, мэдлэгтэй хуульч бүсгүйгээ дэмжицгээе
2025.01.30

Б.Мөнхсоёл: Хүний эрхийн өндөр мэдрэмж, мэдлэгтэй хуульч бүсгүйгээ дэмжицгээе

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм Уг шийдвэрийг нэр бүхий УИХ-ын гишүүд эсэргүүцэж байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал юм.

Нийгмийг талцуулж, шүүмжлэл дагуулж буй уг асуудалд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “Х.Баасанжаргал гишүүн яагаад дуугарах болов? Тэрээр өөрт хамаагүй зүйлээр "попорсон" уу?

ҮГҮЙ юмаа 

"Дүнжингарав" хаврын уралдааныг зохион байгуулж уралдаанч хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж Засгийн Газрыг шүүхэд өгч, тус асуудлын өмгөөлөгчөөр Дээд Шүүхийн эцсийн шийдвэр гартал ажилласан хүн юм.

Энэ асуудлаар тэрээр Олон улсын шилдэг про боно хуульчийн шагнал хүртэл хүртсэн анхны монгол эмэгтэй өмгөөлөгч, хуульч юм.

Дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох Олон Улсын Барын холбооноос жил бүр Олон улсын хуульчдын нэгдсэн чуулга (IBA Annual Conference) уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай.

Нийт 80.000 гишүүн хуульч, 190 гишүүн хуульчдын холбоо, нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн тус Барын холбооноос жил бүрийн чуулга уулзалтын үеэр оны шилдэг хуульчдыг 10 гаруй төрлөөр шалгаруулан, алдаршуулдаг бөгөөд тэдгээрийн онцлох нэг төрөл нь “IBA Pro Bono Award” буюу шилдэг про боно хуульчийн шалгаруулалт юм.

Тодруулбал, улс орон болон олон нийтийг хамарсан нэн тэргүүний, хүний эрхийн чухал асуудалд сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэн бусад орны хуульчдад жишээ болохуйц сайн туршлагыг бий болгож буй хуульчийг дээрх номинацийн дагуу шалгаруулдаг.

2018 онд  “IBA Pro Bono Award”-д дэлхийн олон орны чадварлаг хуульчид өрсөлдөхөөр материалаа ирүүлснээс сүүлийн шатанд Их Британи, Нигер, АНУ, Бангладеш, Монгол, Австрали, Польш гэсэн орнуудаас нийт долоон хуульч өрсөлдөхөөр нэрлэгдээд байснаас Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Хүрэлбаатарын Баасанжаргал шилдгээр шалгарсан түүхтэй.

Энэ нь 1947 oнд үүсгэн байгуулагдсан Олон улсын Барын холбооны түүхэнд анх удаагаа монгол эмэгтэй хуульч шилдэг про боно хуульчийн шагнал гардан авч байгаа явдал бөгөөд Монголын хуульчид дэлхийн шилдэг хуульчдын зэрэгт хүрч буйн олон сайхан жишээний нэг болсон.

Өмгөөлөгч Х.Баасанжаргал нь өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай Засгийн газрын шийдвэрийн эсрэг олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгож чадсанаараа энэхүү хүндтэй шагналын эзэн болсон. Тэрээр одоо Улсын Их Хурлын гишүүн. Энэ асуудлыг мэдэхийн дээдээр мэдэх хуульч хүн” гэсэн юм.