
"Open Parliament" дадлагажих хөтөлбөрийн оюутнууд Эрдэнэс Монгол нэгдэл группийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж өнөөдөр /2025.02.14/ хаалтаа хийлээ.
Хөтөлбөр ажлын 20 хоног үргэлжилсэн бөгөөд дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутан хамрагдсан юм.
Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц, чөлөөт арга хэмжээ зохион байгуулж, дадлагажигч оюутнууд хөдөө, орон нутагт томилолтоор ажилласан юм. Мөн оюутнууд УИХ-ын гишүүдийн ажиллаж буй Байнгын хороод, ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд боловсруулсан зөвлөмжөө өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагвад хүлээлгэн өглөө.
УИХ-ын Н.Батсүмбэрэлийн ментор хийсэн оюутнууд Эрдэнэс Монгол нэгдэл группийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрбээр хэлэхдээ "Open Parliament" дадлагажих хөтөлбөрийн оюутнууд маань Эрдэнэс Монгол нэгдэл группийн үйл ажиллагаатай танилцжээ. Дэмжиж зохион байгуулсан тус нэгдлийн Чанар, бүтээмжийн менежер Дэлэгпунцагийн Ядамжавт баярлалаа” гэсэн юм.