Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын хугацаанд 800-1000 ажлын байр бий болно
2025.02.07

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын хугацаанд 800-1000 ажлын байр бий болно

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр “УИХ-ын намрын чуулганаар 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлсны нэг нь 90 мВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн УЦС юм. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортлон авч байна. Тиймээс Ховд голын Шижигтийн хавцалд баригдах уг УЦС ашиглалтад орсноор баруун бүсийн 5 аймаг эрчим хүчээр хангагдаж, барилгын ажлын хугацаанд 800-1000 ажлын байр бий болох боломжтой” гэсэн юм.

Түүнчлэн, баруун бүсийн аймгууд эрчим хүчний хангалттай эх үүсвэртэй болсноор үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэнэ. Эрдэнэбүрэн сумын иргэд УЦС барих ажлыг дэмжиж байна.

Сумдаар ажиллаж байх хугацаанд орон нутгийн иргэдийн зүгээс нийтлэг тавьж байгаа нэг санал бол сумын эрүүл мэндийн төвдөө шүдний кабинеттай болох асуудал юм. Хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэж буй энэ цаг үед сум бүр шүдний кабинеттай, тоног төхөөрөмжтэй болох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнийг орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэх боломжтой учраас сумын Засаг даргад чиглэл болголоо.

Эрдэнэбүрэн сумын иргэд цэвэрлэх байгууламжтай болж, цэвэр, бохир усны дэд бүтцийн асуудлыг хөндөж байна. Энэ дэд бүтцийг шийдсэнээр орчин үеийн ариун цэврийн байгууламж ашиглаж, сумандаа тав тухтай амьдрах боломж бүрдэнэ. Тиймээс иргэдийн өдөр тутмын орчин нөхцөлтэй холбоотой эдгээр чухал шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлж, төсөвт багтаахад анхаарч ажиллана гэдгээ тэрбээр онцлов.