2025.02.05
Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай хамтын ажиллагааны талаар ярилцлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештэй 2025 оны 2 дугаар сарын 3-нд утсаар ярив. Энэ үеэр 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулганы бэлтгэл ажил болон Монгол Улс-НҮБ-ын хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцав.
Сайд Б.Батцэцэг энэ 2025 онд НҮБ байгуулагдсны 80 жилийн ой тохиож буйг дурдан Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрэлэхэд үргэлжүүлэн хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.
Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулганыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажилд өндөр ач холбогдол өгч буйг онцолж, ЕНБД-ыг оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Гадаад харилцааны сайдад талархал илэрхийлж, 17 дугаар чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажилд амжилт хүсээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ирж буй Могой жилийн сар шинийн мэндчилгээг уламжлахыг хүсэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан