А.Баяр: УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр АГААРЫН БОХИРДОЛ, АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ДЭД БҮТЭЦ рүү чиглэнэ
НИТХ-ын дарга А.Баяр
2025.01.31

А.Баяр: УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр АГААРЫН БОХИРДОЛ, АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ДЭД БҮТЭЦ рүү чиглэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит II хуралдаанаар УБ хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай зэрэг 16 асуудлуудыг хэлэлцэж баталсан. 

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал дүгнэлт боловсруулах лобби бүлэг байгуулсан талаар НИТХ-ын дарга А.Баяр мэдээлсэн. 

Бидний хийх гол ажил мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх

УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг бид нар агаарын бохирдол, авто замын түгжрэл, бусад шаардлагатай төсөл хөтөлбөрийн суурь хүчин зүйл болсон дэд бүтэц рүү чиглүүлж байна. 7 хоног бүрийн хагас сайн өдөр Ерөнхий сайдаар ахлуулан мөн хотын дарга Х.Нямбаатар дарга оролцоод бүхий л МЕГА төслүүд дээрээ “анализ” хийн ажиллаж байгаа. Тухайлбал, өнөөдөр аль шатандаа, ямар ажил нь гацав, ямар асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр чиглэл авч, холбогдох бүхий байгууллагуудыг уялдуулан ажиллаж байна. Ингэхдээ ЗГ-ын гишүүд, төрийн болон ТББ-ын эрдэмтэн судлаачдыг оролцуулж байгаа.

Бидний хийх гол ажил бол эдгээр том мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх. Үүний тулд иргэдийн хуралд сууж байгаа төлөөлөгчид тойрогтоо очиж, энэ 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг иргэдэд нэг бүрчлэн танилцуулж, санал авна. Ингээд энэ мэдээллүүдийг эргээд УИХ-д өргөн барьж, тэдний дээр дэмжлэг авна.

Сэлбэ дэд төвийн хүрээнд 12 мянган айлын орон сууц барих төсөв бүрэн батлагдав

Эцсийн зорилго бол Улаанбаатар хотын хөгжлийг 2040 он гэхэд бодитойгоор шийдэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах. Үүний тулд бид ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бид иргэдэд мэдээлэл өгөх үүднээс лобби бүлэг үүсгэж, хамтран ажиллаж байна.

Төсөл дээр бол одоо агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн асуудал шийдвэрлэхэд ихээхэн анхаарч байна. Тухайлбал, орон сууцжуулалт нь агаарын бохирдлыг бууруулах чухал хэсэг. Сэлбэ дэд төвийн хүрээнд 12 мянган айлын орон сууц барих төсөв бүрэн батлагдсан. Үүнийгээ дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Гэхдээ орон сууцны төслүүд хэрэгжүүлэхэд цахилгаан, дулааны дутагдалтай холбоотой асуудлууд үүсэж байна. Тиймээс цахилгаан станцуудыг барих, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулах зэрэг олон арга хэмжээг авч байна. Мөн ТЭЦ-5-ын барилгын ажил 2025 оноос эхлэхээр төлөвлөгдсөн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан