“БҮХ БОДЛОГОД ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭРХЭМЛЭНЭ” ГЭДЭГ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА
Улс төрийн тогтолцооны цогц өөрчлөлтийн үр дүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсан шинэ парламент нь зөвхөн тооны өөрчлөлт бус засаглалын шинэчлэл, парламентын төлөвшилд эрс өөрчлөлт гарна гэж ард түмэн итгэж байгаа.
Парламент салбар бүрийн мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй болсон нь улсын эрх ашгийг томоор харж, хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэл хийх боломжтой болсон.
Тухайлбал Монгол Улсад 1990 оноос хойш батлагдсан хөгжлийн бодлогын баримт бичгүүд тус тусдаа 11 удаа боловсруулагдсан. Эдгээрээс одоо хэрэгжиж буй урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог судлах, гадаад дотоодод амьдарч байгаа Монголын эрдэмтэн судлаач мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгах нь чухал юм. Тэр тусмаа анагаах ухаан, нийтийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, албан бөгөөд албан бус зөвлөх багууд байгуулан, нөхцөл байдлаа бодитой дүгнэх, дүн шинжилгээ хийх, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Улсын Их Хурлаас “Гурван төгөлдөршлийн бодлого” буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн ойлгомжтой зохицуулалтай, хууль эрх зүйн шинэчлэлийг хийх зорилго бүхий 53 ажлын хэсгийг байгуулсан. Үүнээс 8 ажлын хэсэгт орж, 1 ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.
“Health on all policies” буюу бүх бодлогод эрүүл мэндийг эрхэмлэнэ гэдэг зарчмыг баримтална.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан. Энэхүү баримт бичгийн зарчим дээр тулгуурласан намуудын мөрийн хөтөлбөрт ижил төстэй зорилго зорилтууд 80 хувьд нь бичигдсэн байгаа нь бодлогын залгамж чанар харьцангуй тогтвортой болох найдлага байна. Одоо энэ бодлогыг амьдралд хэрэгжүүлэх бүх нарийн шигтгээ ажлуудыг хийж, баримт бичгийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж ажиллах нь зүйтэй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т зааснаар байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш шударга хүртээх, үндэсний баялгийн санд төвлөрүүлэхэд чиглэнэ гэж заасан байдаг. Энэ утгаараа хувь хүн, айл өрхүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой юм.
Парламент бол ард түмний тусгал, олон нам олон үзэл санааны нэгдэл юм. Гол нь улс орныхоо нэгдмэл эрх ашгийн төлөө эрүүл зөв мэтгэлцээнийг бий болгож, сонгодог парламентын зарчмаар үйл ажиллагаа явуулж, ёс суртахууныг эрхэм болгож ажиллах нь Улсын Их Хурлын гишүүдийн хамгийн чухал үүрэг.
Шинэ парламентын давуу тал бол олон салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаач нар, мэргэжилтнүүдээс бүрдсэнээрээ онцлогтой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан