Боомтын сэргээн, шинэчлэх ажил үргэлжилсээр
2025.01.02

Боомтын сэргээн, шинэчлэх ажил үргэлжилсээр

Хамтарсан Засгийн газар ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх, олон жил гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, хөгжлийг урагшлуулахад чиглэгдсэн дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхлээд байна. Зам тээврийн яам 100 хоногт хийсэн ажлуудаа танилцуулж байна.

Албан даалгаварт тусгагдсан арга хэмжээ:

“Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Бичигт-Зүүнхатавч” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барих төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн сайдтай хамтран эхлүүлэх

Хэрэгжилт:

Нэг.“Гашуунсухайт-Ганцмод” боомтын тухай:

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд БНХАУ-ын талаас тусгах шаардлага, нөхцөлийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулж, мэдээлэл өгсөн.

Барилгын ажлын гүйцэтгэгчтэй ерөнхий хэлэлцээр хийн эцэслэн тохиролцсоноор 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулахаар хүлээгдэж байна. Гашуунсухайт-Ганцмод боомт дахь шилжүүлэн ачих терминалыг улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан бөгөөд тус терминалыг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Шилжүүлэн ачих терминал” гаалийн хяналтын бүс тогтоох тухай А/428 дугаар тушаалаар гаалийн хяналтын бүсээр зарлан, үйл ажиллагаа явуулж байна.

Хоёр.”Ханги-Мандал” боомтын тухай:

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт “Ханги-Мандал” боомтын тухай нэмж тусгах талаар Хятадын талтай хэлэлцээг эрчимжүүлэх, төмөр замаар тээвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүн, ачаа тээврийн хэмжээ, эдийн засгийн үр ашгийг судлах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД-ын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/162 дугаар тушаалаар байгуулсан.

БНХАУ-ын талаас “Нөхцөл бүрдсэн боомтыг түрүүлж холбох” байр суурь илэрхийлсэн тул Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээнээс шалтгаалан хүлээгдэж байна. Ханги боомт дахь шилжүүлэн ачих терминалын “Ханги боомтод хил дамнасан олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх” ТЭЗҮ-ийг “Ханги Эко логистик” ХХК, “Монголын логистикийн холбоо” ТББ-аас боловсруулан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 03 дугаар хурлаар хэлэлцэж хүлээн авсан.

Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн “Ханги эко логистик” гаалийн хяналтын бүс тогтоох тухай А/163 дугаар тушаалаар гаалийн хяналтын бүсээр зарласан.

Гурав.“Шивээхүрэн-Сэхээ” боомтын тухай:

Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замыг Зам, тээврийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/198 дугаар тушаалаар байгуулагдсан Техникийн комисс ажиллан Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хэсгийн төмөр замыг хүлээн авсан.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар тушаалаар улсын комисс томилогдсон бөгөөд 2024 онд багтаж ажиллахаар төлөвлөж байна.

Дөрөв. Улаанбаатар төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлын тухай:

Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төв шугамын Монгол Улсын нутаг дэвсгэр дэх /Сүхбаатар-Замын-Үүд/ чиглэлийн ТЭЗҮ-ийг дуусган 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн өгсөн чиглэлийн дагуу ТЭЗҮ-ийг сайжруулан ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

ОХУ, БНХАУ-ын шинжээчдийн түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 2024 оны 12 дугаар сарын эцсээр ОХУ-ын Москва хотноо гурван улсын Ажлын хэсгийн ахлагч нарын хамтарсан уулзалтаар техник-эдийн засгийн үндэслэлийг нэгтгэн баталгаажуулахаар тохиролцсон.

Тав.Баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын тухай:

Баруун босоо тэнхлэгийн “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын төслийн бүрэн шинжилгээ хийх үүрэг бүхий Эдийн засаг, хөгжлийн яам болон Зам, тээврийн яам, орон нутгийн төлөөллийг оролцуулан байгуулсан баг ажиллаж байна.

Зүүн босоо тэнхлэгийн “Чойбалсан-Бичигт” чиглэлийн төмөр замын төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг “Монголын төмөр зам” ТӨХК боловсруулж, Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн өгсөн чиглэлийн дагуу ТЭЗҮ-ийг сайжруулан боловсруулж байна.