О.Саранчулуун: Хүн хөлөөрөө биш, тархиараа амьдралаа босгодог
АШУҮИС-ийн багш, "Ахиллис Монгол"-ын Үүсгэн байгуулагч О.Саранчулуун
2024.06.25

О.Саранчулуун: Хүн хөлөөрөө биш, тархиараа амьдралаа босгодог

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон МАН-аас жагсаалтаар #4 нэр дэвшигч Отгоны Саранчулууныг танилцуулж байна.

Тэрээр сүүлийн 10 жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, эрхийн төлөө цаг зав, мэдлэг туршлагаа зориулан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд хүчтэй дуу хоолой болон манлайлал үзүүлэх боломж энэ удаагийн сонгуулиар үүссэн нь шинэ 30 жилийн эхлэл юм. Үүний том илрэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентад орж, хууль эрх зүйн орчинд нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болох, нийгмийг харах цонхыг өөрчлөх боломж нь О.Саранчулуунаар дамжин ирж буй.

Нью Йоркийн марафонд мэргэжлийн болон хагас мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн гүйж, 42 км замаа амжилттай дуусгасан НЬ О.Саранчулуун юм.

Отгоны Саранчулуун нь таван хүүхэдтэй айлын том охин. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд багшилж, “Achilles International Mongolia”  ТББ үүсгэн байгуулсан. Тэрээр, арван гуравхан насандаа гэнэтийн явдлаар нэг хөлөө алдсан ч “Хүн хөлөөрөө биш, тархиараа амьдралаа босгодог юм билээ” гэх өөдрөг үзэлтэн. Эрүүл амьдралын хэв маягийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж түүнийгээ оюутнуудад зааж, олон нийтэд сурталчилж яваа нэгэн. Тодруулбал,  АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимд багшлахын зэрэгцээ хөгжлийн бэршээлтэй хүмүүсийг спортоор хичээллүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх зорилгоор 2015 оноос "Achilles International" байгууллагын Монгол дахь салбарыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд жил бүрийн есдүгээр сард "Итгэл найдвар, боломж" марафон гүйлтийг зохион байгуулдаг. Энэ нь хөгжлийн бэршээлтэй олон хүнд итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг бэлэглэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд эргэн орж, дасан зохицоход нь тусалдаг юм.

Тэрээр, бакалаврын зэргээ МУИС-аас, магистрын зэргээ Израйлийн Хэбрэйн Их Сургуулиас авч, АНУ-д Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлж байсан бол Итали Улсын “Trento”-гийн их сургуульд докторын зэргээ хамгаалахаар суралцаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан