2024.06.12

Хүн төвтэй бодлогын үр дүнд нийгмийн сэтгэл зүй сэргэнэ

Нийгмийн сэтгэл зүйг хүмүүсийн сэтгэл зүйн хандлага тодорхойлдог. Хэрвээ тухай улсын нийгмийн сэтгэл зүй нь тайван, ухаалаг, хүлээцтэй, стрессийн түвшин бага байвал ямар нэгэн бодлого хэрэгжүүлэхэд үр дүн гарч, ач холбогдол, үр өгөөж нь харагддаг. Харамсалтай нь манай улсын бодлого боловсруулан гаргаж буй хүмүүс иргэдийнхээ сэтгэл зүйн асуудлыг тоохгүй хөсөр хаясаар удаж байна.

Өртөг өндөр төсөвтэй, сүржин нэртэй лоозон маягийн аян, арга хэмжээ маш олныг зохион байгуулдаг ч үр дүнд хүрдэггүй. Нийгмийн сэтгэл зүй түгшүүртэй, тогтворгүй ийм орчин нөхцөлд иргэд сөрөг үйлдэл гаргах хандлага ихэссэн. Үүнд хувь хүнийг буруутгаад өнгөрдөг. Гэтэл улс төрийн шударга бус үйлдэл, хүнээ бодоогүй бодлого шийдвэрийн улмаас иргэдийн бухимдал өнөөдөр ийм өндөр хэмжээнд хүрсэн гэдгийг ойлгох цаг болсон.

Төр засгийн эрх мэдэлтнүүдэд иргэд  хангалттай шаардлага тавьсан, нөгөөдүүл нь сонсохоо больсон, иргэд ч халширч эхэлсэн нь хатуу боловч үнэн. Үүний сөрөг үр дагавар нийгэмд олон янзаар илэрч байгаа. Тухайлбал, манай улсад хүн амын дүрвэлт ихэссэн, ажиллах хүчний хомсдолд орсон, ажил хийх сонирхолгүй иргэдийн тоо нэмэгдсэн, ажилгүйдэл, архидалт, амиа хорлолт, гэр бүл салалт тогтмол өсөж буй нь туйлын харамсалтай, эмгэнэлт явдал юм.

Манай улсын хүн амын дунд ихсэж буй чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, сэтгэл зүйн тогтворгүй байдал нь нийгмийн сэтгэл зүйн сөрөг нөлөөтэй холбоотой.

Түүнчлэн улс төрийн буруу шийдвэр, хүнлэг бус үйл ажиллагаа нийгэмд ихээхэн стресс өгдөг. Үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар шүүмжилдэг. Иймд иргэдийн итгэлийг авч төрд сонгогдон, бодлого боловсруулж буй хүмүүс үүнд дүн шинжилгээ өгч, буруу үйлдэлээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйж чаддаг байх ёстой. 

Шулуухан хэлэхэд орчин үеийн улстөрчид иргэдээсээ “ичиж” амьдрах хэрэгтэй. Хуучин арга барилаа ашиглан төрд сонгогдохыг хүсэж буй хүмүүсийг иргэд таньж, мэддэг болсон. Залуу үеийнхэн маань ухаалаг, боловсролтой юмыг олон талаас нь эргэцүүлж, үнэлэлт дүгнэлт өгч сонголт хийж чаддаг болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Сүүлийн үеийн бизнесийн байгууллагууд хувь хүний хөгжлийн суурь үндэс нь тухайн хүний сэтгэл зүйн асуудлыг дэмжих юм байна гэдгийг ойлгож, мэдэж, анхаарч байна.  

Бизнесийн байгууллагууд ажилчдаа амар тайван, ая тухтай, сэтгэл зүйн таатай орчинд ажиллуулахыг илүүд үзэж болсон юм. Түүнчлэн ажилчдадаа цагийн уян хатан нөхцөлийг санал болгож, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг болж эхэлсэн. Мөн олон даргаас татгалзаж, цомхон чадварлаг багийг дэмжиж, ажлын үр бүтээмжээ дээшлүүлж байгаа.

Энэ сайн жишгээс шийдвэр гаргах түвшнийхэн суралцах хэрэгтэй юм. Манай улс “ХҮН ТӨВ”-тэй бодлого гаргаж, үүнийгээ дэмжиж хэрэгжүүлж эхлэхгүй бол эх орондоо сэтгэл тайван амьдрах иргэд ховордож байна. Түүнчлэн өсөн нэмэгдэж буй иргэдийнхээ тоотой дүйцэх хүмүүсээ гадны улс руу алдах аюул нэгэнт нүүрлэснийг анхаарахгүй орхиж болохгүй. 

Стрессдэж бухимдах түмэн шалтаг шалтгаан нийгэмд байгаа ч иргэд маань бие биедээ хүнлэг хандаж, нэгнийгээ хайрлаарай. Хайрлана гэдэг нь халамж өгөх нэр биш. Иргэд эвтэй байж чадвал буруу бодлого, шийдвэрийн эсрэг хамтдаа зогсож чадна. Энэ жил сонгуулийн жил, иргэд УИХ-д нэр дэвшиж буй хүнээ сонгохдоо хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг нь харж сонголтоо хийгээрэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn