2024.05.22

Хязгаарыг давсан хотжилтын шийдэл нь “20 минутын хот” концепц

Монгол Улсад 70 жилийн өмнө, нийт хүн амын 20% хот суурин газарт амьдардаг байсан бол өдгөө 70% болж өссөн. Тодруулбал, нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3%-ийг эзэлж байгаа Улаанбаатар хотод, хүн амын тал нь суурьшиж буй.

Нийслэл рүү чиглэсэн энэ хурдацтай шилжилт хөдөлгөөн нь ажилгүйдэл, автозамын түгжрэл, агаар хөрсний бохирдол зэргийг үүсгэхийн сацуу нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг араасаа дагуулж байна. Нэг ёсондоо, Улаанбаатар хот өдөр ирэх тусам хүн амьдрахад таатай бус орчин болсон. Үүгээр ч зогсохгүй бусад хот, суурин газрын хөгжлийг зогсонги байдалд хүргэсэн нь нууц биш. Бид, эдгээр асуудалд “гарц, шийдэл” хайж олон жил явлаа.

Тэгвэл өнөөдөр, асуудлын илэрч буй шинж тэмдэгт төвлөрөх бус асуудлыг үүсгэгч шалтгаанд төвлөрөх нь нэн чухал байна! Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцэд 1960 онд 146 мянган хүн ам, дөрвөн район, түүнээс 32 жилийн дараа 1992 онд 575 мянган хүн ам, есөн дүүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш 32 жил өнгөрч, өнөөдөр нийслэлийн хүн ам 1.7 саяд хүрсэн байна. Иймд, Нийслэл хотод цогц “реформ” хийж, нэг хотод төвлөрсөн хэт их ачааллыг бууруулах тусгайлсан арга авах шаардлага үүссэн юм.

Нийслэлд ДНБ-ний 63% үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84%, ААН-ийн 70%, Их, дээд сургуулиудын 90%, улсад бүртгэлтэй авто машины 84% нь төвлөрдөг. Мөн 11-11 төвд ирдэг гомдлын 70% нийслэлтэй холбоотой

Сүүлийн гурван сарын хугацаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон НИТХ-ын төлөөлөгчид гэхчлэн бүхий л хүмүүс идэвх, санаачилгатай ажилласан. Тодруулбал, хотод бугшсан эдгээр асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор засаг захиргааны анхан шатны нэгж буюу нийслэлийн есөн дүүргийн бүх хороодын засаг дарга нартай олон удаагийн уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ингэхдээ, “иргэдээс ямар санал, санаачилга гарч, түүнийг шийдвэрлэхэд тулгамдаж буй нь юу байна, асуудлын үндсэн шалтгаан нөхцөлийг хэрхэн харж, цаашид ямар чиглэлд явах вэ” гэдэг дээр фокусласан. Үүндээ тулгуурлаад, засаг захиргааны шинэчлэл хийн, иргэдэд ээлтэй “20 минутын хот” болох зорилтыг тавьсан. Энэхүү зорилт нь 2024 оныг Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласантай бүрэн уялдаж байгааг хэлэх нь зүйтэй.

Хотын иргэн хаана оршин суухаас үл хамааран гэрээсээ гараад 20 минутын дотор өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой “хот төлөвлөлт” гэж энгийнээр ойлгож болно.

Хүн 5 минутад дунджаар 400 метр зам туулдаг. Тэгвэл уг зайнд эмийн сан, хүүхдийн тоглоомын талбай, төрийн үйлчилгээний цахим төв, бичил цэцэрлэгт хүрээлэн, 10 минутад цэцэрлэг, бага сургууль, шүдний эмнэлэг, спорт талбай, банкны үйлчилгээ, 15 минутын зай буюу 1.2 км радиуст үзвэр үйлчилгээ, ЕБС, худалдааны төвүүд, харин төлөвлөлтийн хамгийн хол зай буюу 20 минутын зайд ажлын байр, цагдаагийн хэсэг, эмнэлэг байхаар төлөвлөх нь хамгийн “зөв” зохист хэмжээ юм.

Тиймээс, Монгол Улсын Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьсан. Эрх зүйн цогц реформ батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэнэ.

Нэгт. Улаанбаатар хотоос гадна Хөшгийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээгдэнэ.

Хоёрт. Нийслэл хотыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлэхийн сацуу эдгээр хотуудад иргэн бүр төрийн үйлчилгээг “20 минут” дотор авах, их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтооно.

Гуравт. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийг хотын статустай болгон томсгох. Ингэснээр, хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болох юм.

Дөрөвт. Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшгийн хөндийд шилжүүлэн байршуулж, бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбосноор 20 минутын дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очих юм.

Тавт. Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай болгон бие даан хөгжүүлэх асуудал ч мөн туссан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан