2024.01.12

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын 2024,01,11-ны өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Хуулийн төсөлд тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийн төрөл, хугацаа, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах, талууд хүсэлт гаргаж ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжих нөхцөл зэрэг зохицуулалтуудыг хуульд нэмж оруулахаар тусгасан байна.

Ажлын хэсэг тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан төслийн нэгдүгээр зүйлийг өөрчлөн найруулж, 1, 2 дугаар зүйл болгох зарчмын зөрүүтэй санал боловсруулсан байна. Энэ санал нь бүхэл бүтэн хуулийн процесс болгон дэлгэрүүлж найруулсан зүйл, заалтууд тул эрх зүйн үр дагаварыг нарийвчлан судалж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн саналыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гаргаж, гүйцээн боловсруулах чиглэл өгч, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn