Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Энэ өдрөөс хойш өдгөө 28 дахь жилдээ Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байгаа юм.
Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,595 иргэнийг цагаатгаад байна.
Цагаатгалын хууль батлагдсан 1998 оноос хойших хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад тусгагдсан 500,000 болон 1,000,000 төгрөгийн нөхөх олговрын хүрээнд 16 тэрбум 595 сая төгрөгийн нөхөх олговрыг 18,366 иргэнд олгожээ.
Харин 2018 онд батлагдсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт буюу хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбод, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлын хүрээнд 93 тэрбум 140 сая төгрөгийн нөхөх олговрыг 1,709 иргэнд тус тус олгосон.
Ингэснээр нийт 20,075 иргэнд 109 тэрбум 735 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна.
Энэ удаагийн “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяагийн урилгаар БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа юм.