“Хүний эрхийн боловсролын арга зүй” сэдэвт симпиозиум зохион байгуулна
2023.09.05

“Хүний эрхийн боловсролын арга зүй” сэдэвт симпиозиум зохион байгуулна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 75, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25, Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалыг 12 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын Эмнести Интернэшнл ТББ, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо хамтран “Хүний эрхийн боловсролын арга зүй” сэдэвт симпиозиумыг 2023 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Симпозиум хамтран зохион байгуулах талуудын төлөөлөл болох Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Б.Золбоо, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа, Монголын Хуульчдын холбооны Үйл ажиллагаа болон зөвлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Бариаширсүрэн ХЭҮК-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн референт Э.Сансар нар 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, “Хүний эрхийн боловсролын арга зүй“ симпиозиумын үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах талаар харилцан санал солилцлоо.

Энэхүү симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн байгууллага, эрдэмтэн, судлаачид оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж байгаа тогтолцоо, механизмыг хэрхэн сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл төлөвшихөд чиглэсэн санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж гаргах юм.