2023.06.23

Х.Ганхуяг: Тус заалтыг буцаан татах саналтай байна. Тусдаа анги үүсгэж байгаа нь шударга бус юм!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Тэтгэврийн нөөц санг бүрдүүлэхдээ ирээдүйн өв сангаас болон улсын төсвөөс гэж орсон байна. Ирээдүйн өв сангаас 2030 он хүртэл мөнгө зарлагадахгүй байхаар хуульчлагдсан байгаа шүү дээ. Эндээс мөнгө авч тэтгэврийн сан руу нөхөж оруулдаг болох гээд байна уу. Үүн дээр хариулж өгнө үү?

Малчин, туслах малчин даатгуулах үед улсын төсвөөс 50 хувийг төлнө гэсэн заалт яваад байна. Хувиараа аж ахуй эрхлээд явж байгаа хүн тэтгэврийн 50 хувийг төсвөөс төлөөд явах юм уу. Тариаланч, ТҮЦ ажиллуулж байгаа ЖДҮ эрхлэгчдийг яах юм? Тусдаа анги бий болгоод байгаа юм уу. Үүнийг ойлгохгүй байна.

Малчин гэдэг маань өнөөдрийн нөхцөл байдлаас харвал дундаж ангилалдаа ороод байгаа шүү дээ. Тиймээс үүнийг шударга бус гэж үзэн буцаан татах саналыг гаргаж байна.

Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүдээс хариулт өглөө.