2023.06.06

Маргаашаас эхлэн 72 цаг гамшгийн болон эрэн хайх, аврах ажиллагааны практик сургалт явуулна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар болжээ.

ЗУРГААДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР 16 ЦАГТ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АРД ИРГЭД НҮҮН ШИЛЖИХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

"Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 99 хувийн биелэлттэй байна. Стратегийн команд штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцож, сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд олон үе шаттай арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ сургуулийн хамгийн гол зорилго бол газар хөдлөлтийн томоохон гамшиг тохиолдсон үед төрийн цэргийн байгууллагууд ажил хариуцсан албан тушаалтан, байгууллага хоорондын харилцан хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг тодотгох, шинэчлэх, боловсронгуй болгох юм. Сургуулийг ОБЕГ-т Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв байранд зохион байгуулна.

Нийт 295 алба хаагч 72 цагийн хугацаатай тасралтгүй зохион байгуулж явуулна.

Сүүлийн жилүүдэд гамшгийн удирдлагын шинэчлэлтэй холбогдуулаад өнөөдөр бид Стратегийн команд штабын сургуулиа зохион байгуулахдаа бүтэц тогтолцоо болон зохион байгуулалтын хувьд Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв гэсэн олон улсын жишиг загварыг нэвтрүүлэх, турших зорилгоор явуулна. Газар дээрээ гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа тэр зохион байгуулалтыг ослын удирдлагын тогтолцоо, ослын удирдлагын баг бүрэлдэхүүн хэлбэрээр зохион байгуулна.

Нийт 295 алба хаагч 72 цагийн хугацаатай тасралтгүй зохион байгуулж явуулна. Мөн 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийтдээ 2900 гаруй алба хаагч ажиллахаар төлөвлөөд байна. Сургуулийн хүрээнд хэд хэдэн мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулна.