Хотын дарга мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
2022.10.17

Хотын дарга мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, “Хакухо” сангийн дэд тэргүүн Б.Батжаргал нар байлцав.

1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч, 45 удаа түрүүлэн, Японы Эзэн хааны цомыг авсан цорын ганц бөх нь Хакухо М.Даваажаргал юм. Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж, ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орон, шинэ замналаа үргэлжлүүлэх гэж буй.

Мэргэжлийн сумо бөхийн 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоож, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа түүгээр Хотын дарга бахархдагаа уламжилж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn