Сүхбаатар дүүрэгт 4 обьект түрээсэлж цэцэрлэгийн зориулалтаар ашиглана
2022.08.25

Сүхбаатар дүүрэгт 4 обьект түрээсэлж цэцэрлэгийн зориулалтаар ашиглана

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг төсвийн хорооны дарга М.Халиунбат, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, төлөөлөгч Д.Бадарсан, Б. Эрдэнэсүх нар өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон өвөлжилтийн бэлтгэл ажил тус дүүрэгт хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээллийг энэ үеэр сонсов. Мөн тус дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг авч, санал солилцсон юм.

Сүхбаатар дүүрэг 145 мянган хүн амтай, 20 хороотой. Байшин, гэр хороолол, зуслангийн бүсээс бүрдэх тул сургууль, цэцэрлэггүй хороодын асуудал хамгийн ихээр тулгамдаж байна. Тодруулбал, 6 хороо сургуульгүй, 2 хороо цэцэрлэггүй. Тиймээс энэ жил 2-5 насны 13 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахын тулд 4 обьект түрээслэхээр болжээ. Сүхбаатар дүүрэг нийслэлийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг ч бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тэр хэмжээгээр суулгаж чадахгүй байгааг энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлсэн юм.

Тиймээс Сүхбаатар дүүргийн иргэдийг төлөөлөн Нийслэлийн ИТХ-д ажиллаж буй төлөөлөгчид ажлын уялдаа холбоогоо сайжруулан, нийслэлийн төсөвт дүүрэг рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэхэд санаачилгатай ажиллах саналыг гаргалаа. Мөн санхүүжилт нь гацсан, хэрэгжихгүй байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар ч энэ үеэр мэдээлэв. Тухайлбал, 8 дугаар хороонд баригдаж байгаа Дүүргийн спорт цогцолборын барилгын асуудлыг танилцуулав. 2014 онд эхэлсэн энэ ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй бөгөөд 2022 оны улсын төсөвт 2.8 тэрбум төгрөг тусгагдсан. Он гарсаар өнөөдрийг хүртэл барилгын ажил хийгдээгүй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn