“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай төслийг зөвшилцөв
2022.07.05

“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай төслийг зөвшилцөв

“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай төслийг зөвшилцөв.

Төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.

Сайд Б.мөнхбаатар, сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр “Их 7”-гийн санаачилгаар эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг “ВЕРS” олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар “ВЕРS”-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрмийг боловсруулсан. Одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн ороод байна гэлээ.

Монгол Улсын хувьд Европын Холбооны татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт буюу татварын саарал жагсаалтаас 2018 онд гарахдаа “ВЕРS”-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг Европын Холбооны өмнө хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард “ВЕРS”-т 111 дэх гишүүнээр нэгдэн орж, түүний стандартуудыг 2019 онд дотоодын хууль тогтоомжид тусгасан.

Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг ВЕРS-ийн 6 дугаар болон 14 дүгээр стандартад нийцүүлэх тухай Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн биелүүлэлт хүлээгдэж байна. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурлын үеэр Европын Холбооны зүгээс татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох шаардлагатай байгааг онцоллоо.

Үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд татварын саарал жагсаалтад буцаж орох эрсдэл байгаа тухай мэдэгдсэн гэлээ. Түүнчлэн “Татварын саарал жагсаалтад орсон Монгол Улс нь Европын Холбооны тогтвортой хөгжлийн сан, стратегийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, хөрөнгө оруулалтын урсгал буурах, санхүүгийн гүйлгээнд тодорхой хэмжээний хязгаарлалт ирэх зэрэг сөрөг үр дагаврууд гарах юм байна. Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх, эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох, үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсад бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх аж.

Ингэснээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, татвар шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой” болохыг сайд танилцуулгадаа дурдсан юм.

Эдийн засаг, Төсвийн байнгын хороо төслийг хэлэлцэн зөвшилцөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асуусан. Тэрбээр дээрх конвенцид нэгдсэнээр татварын саарал жагсаалтад орох эрсдэл хэрхэн буурахыг тодруулсан.

1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг ВЕРS-ийн стандартад нийцүүлэх тухай Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг бий. Энэ 26 гэрээг нэг бүрчлэн засч шинээр байгуулах эсвэл Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох замаар гэрээг шинэчлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн Сангийн яамны ажлын хэсгээс хариулсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх конвенцид нэгдэн орохыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.