Төв аймгийн хууль сахиулах байгууллагуудын албан хаагчидтай уулзлаа
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хамт Төв аймгийн хууль сахиулах байгууллагуудын албан хаагчидтай уулзаж, УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй томоохон бодлого, хөтөлбөрүүдийг танилцуулан, цаашид тус салбарт хийгдэх шинэчлэлтийн талаар ярилцлаа.
Мөн энэ үеэр ХЗДХЯ-ны харьяа агентлагийн удирдлагуудын хамт орон нутгийн салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлуудыг сонслоо.
Орон нутагт тулгамддаг гол асуудлууд болох Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцан, хуулийн хэрэгжилтийг сайтар хангуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллах, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн иргэдийн оролцоог хангах, мөн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд чиглэн цахим гарын үсгийн хангалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг бүх шатны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Түүнчлэн аймгийн хууль сахиулах байгууллагуудад нэн тулгамдаж байгаа хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөгдлөө. Байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад дутагдаж байсан суудлын автомашин, компьютер, тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай зүйлсийг энэ онд багтаан шийдвэрлэхээр тогтлоо.
Хууль сахиулах байгууллагуудын албан хаагчидтай уулзалт хийх үеэр албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр Х.Нямбаатар сайд болон аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт 8 өрхийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах, 5 өрхөд өргөө цагаан гэр олгох батламж гардууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn