2022.05.05
Г.Дамдинням: Нийгмийн сүлжээнд хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Хүний нэр хүндэд сошиал орчинд асар ихээр халддаг. Зөвхөн улстөрч гэлтгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл гүтгэлэг, дайралтад маш их өртдөг. Ялангуяа тролл буюу бодит бус хүмүүсийн хариуцлагын асуудлыг яаж зохицуулж байгаа вэ? Дэлхийн олон улс орнууд сошиал хэрэглээнд бодит хүмүүсийг л оролцуулах тухайд хууль гарган арга хэмжээ авч байгаа. Юу юуны духанд хүрэхгүй эрүүгийн хуулиар ял өгөх гэж хуульчлахаасаа өмнө зөвлөдөг, сануулдаг, анхааруулдаг байдлаар зөрчлийн хуулинд энэ талаар тусгах нь зүйтэй.
Энэ хуульд мөн Няцаах эрхийн тухай оруулах нь маш чухал. Хэн нэгэн хүн гүтгэгдлээ гэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэр дурдагдсан оролцогч бүх талуудаас заавал асуудаг тодруулдаг. Уншигч, үзэгчид дүгнэлт хийх боломжийг олгодог байх зохицуулалтыг ярих цаг болжээ. Ер нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө хариуцлагатай, бодит хүмүүсийн зөв оролцоон дээр л хөгжиж, хамгаалагддаг болохоос хоосон тролл хаягуудын дайралтыг хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, ардчиллын оролцоо гэж үздэггүй билээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn