2022.01.28

С.Чинзориг: Тэтгэвэрийн зөрүүг арилгахад анхаарч ажиллах хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Сар шинийн босгон дээр МУ-ын Ерөнхийлөгчөөс засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг оруулж байгааг зарчмын хувьд дэмжиж байна. У.Хүрэлсүхийн засгийн үед ч ядарснаа асардаг байх зарчим баримталдаг байсан. Энэ хүрээнд ахмадын тэтгэврийг тэглэх арга хэмжээ авч байсан. Халамжийг нэмэгдүүлж байгаа дэмжиж байна.

Тэтгэврийн доод хэмжээг таван зуун мянган төгрөгт хүргэхэд 3 асуудал үүснэ. Энэ асуудлуудыг цаашдаа анхаарч ажиллаарай. Эхний асуудал бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр тэтгэврийн доод хэмжээ тогтох юм байна. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарна. Үүнийг хэрхэн төсөвтэй уялдуулж хэрэгжүүлэх вэ? Дараагийн асуудал нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн хөтөлбөртэй. Гэтэл энэ арга хэмжээг авахаар зөрүүг арилгах биш нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүнийг анхаарах хэрэгтэй.

350,000-500,000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа 100 мянган иргэн бий. Тэгэхээр бүгд 500,000 мянган төгрөг авах юм байна. Энэ 100.000 мянган иргэдийн тэтгэврийг доод хэмжээнд байлгахгүй нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ? гэх асуудлууд гарч ирнэ. Эдгээр асуудлуудыг сайн анхаарч ажиллаарай.