2022.01.18

П.Анужин: Гадаад харилцааны яам мэргэжлийн байх зарчмаа баримтлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мерит зарчмыг харьцангуй барьж байгаа. Үүнд нь талархаж байна. Нэр дэвшигч эмэгтэйчүүдэд баяр хүргэе. Олон улсын харилцааны чиглэлээр мэргэшиж, олон жил ажилласан туршлагатай хүмүүс байна.

Кувейтэд суух Элчин сайдыг яагаад мэргэжлийн бус хүнээр томилсон юм бэ? Олон улсын харилцааг хөдөө аж ахуйг хөгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх гэдэг талаас нь харах учир дутагдалтай. Дипломат албыг дорж үзэж болохгүй. Цаашид Гадаад харилцааны яам мэргэжлийн байх зарчмаа баримтлаасай гэж хүсэж байна.