Журам батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа
2022.01.05

Журам батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Журам батлах тухай, Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүд өргөн барилаа.

Улсын Их Хурлаас  2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг тус тус Улсын Их Хурал батлахаар тус тус хуульчилсан.

Тогтоолын төсөл нь 2 заалттай. 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ыг 1 дүгээр, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”-ыг 2 дугаар, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус батлахаар, 2 дахь заалтаар тогтоолын төслийг дагаж мөрдөх хугацааг тусгасан байна.