Тэмцлээ улам хурцатгана гэлээ
2021.12.16

Тэмцлээ улам хурцатгана гэлээ

Төрийн үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангадаг хамгийн бага албан тушаалын ажиллагчид буюу ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэн гэрээт хэлбэрээр ажиллуулахтай холбоотой асуудлаар Засгийн газар, УИХ-д салбарын ҮЭ-ийн холбооноос нь шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй байна.

Дээрх асуудлаар өнөөдөр /2021.12.16/ Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, МҮЭ-ийн холбоо,нийслэл, аймгийн ҮЭ-ийн холбоодын төлөөллүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Төрийн үйлчилгээний ТҮ-1-3 цалинждаг ажилчдыг гэрээт ажилтан болгох нь тэдний ажлын байрны баталгаа, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс одоо байгаагаас дордох нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Эдгээр ажилтнуудын дийлэнх нь 40-өөс дээш настай. Цалин хөлс нь 470-550 мянган төгрөг. Тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээсээ хамаарч 2-12 сая төгрөгийн тэтгэмж авна гэсэн хүлээлт, сэтгэлээр ажиллаж байсан. Энэ тэтгэмж олон удаагийн шаардлага, шахалтын үр дүнд 2019 оноос эхлэн олгодог болж, ажилтнууд төр, засагтаа талархаж байсан юм.

Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн шаардлагын хариуг өгөх, холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжихээ зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.