“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
2021.11.18

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.18) хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгуүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолын төсөлд нэг бүрчлэн тусгаж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, Э.Батшугар, М.Оюунчимэг нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав.

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэн. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. “Хаан” банкны хувьцаа эзэмшилттэй холбоотой асуудлаар Монголбанк тэргүүтэй холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг чанд баримтлан, ажиллаж, Улсын Их Хурлын гишүүдэд мэдээ, мэдээллийг хүргүүлэхийг үүрэг болголоо. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн томоохон банкуудын үйл ажиллагааны талаарх тодорхойгүй мэдээлэл гарч буйд хяналт тавьж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцааг эзэмших нь хуулиар хориглосон үйлдэл, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас илүүгүй байхаар заасан. Үүнд Төв банк хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Банкууд холбогдох мэдээллээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд эл үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу банкны хувьцаа эзэмшлийг хүчингүй болгож, ногдол ашиг хуваарилахгүй байх, саналын эрхгүй байх зохицуулалтуудтайг мөн санууллаа. Банкны тухай болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллаагүй бол, хууль зөрчиж, ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцоох болно хэмээн Улсын Их Хурлын дарга санууллаа.

Хоёрдугаарт нь, ОУВС-ийн заавар, зөвлөмжийн дагуу манай Төв банк нь Засгийн газраас хараат бус байх, хууль тогтоомжууд нь англи-саксоны загвараар батлагдан, хэрэгжиж байгаа юм. Монголбанкны нэг тэргүүн зорилго бол төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, харин ханшийг тогтвортой байлгах арга нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих юм. Үйлдвэрлэгч улсын л мөнгө тэмдэгтийн ханш тогтвортой байдаг. Тиймээс үндэсний үйлдвэрлэлийг, экспортыг дэмжих шаардлагатай, энэ бол Японы хөгжлийн загвар юм. Төв банк, дамжуулагч буюу гол үйлчлэгч банкууд, Эксим банк, Хөгжлийн банкууд хамтарч үндэсний үйлдвэрлэл, экспортоо дэмжиж байж улс орноо хөгжүүлдэг, үндэсний мөнгөн тэмдэгтээ тогтвортой барьж байдаг бодлого бий. Энэ загвар руу аажмаар шилжилт хийж, Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгууллаа.

Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам нь гадаад худалдаагаа төлөвлөөд, тээвэр ложистик, инфляцыг урьчилж тооцож, энэ дагуу Эксим банкаараа дамжуулан санхүүжүүлж, экспортыг нэг бодлогоор, импортыг нэгдсэн зарчмаар зохицуулж байж үнэ, инфляц, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангадаг. Бодлогын ийм өөрчлөлтийг хийж байж, улс орон хөгжинө. Ийм учраас Монголбанк Эдийн засаг, хөгжлийн яамтай уялдаа холбоогоо сайжруулсан шинэ институц, зарчмыг бий болгох хэрэгтэй. Тиймээс бодлогын шилжилт хийх, шаардлагатай бол хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, экспортоо дэмжих, инновац, шинэ, дэвшилтэт технологи, ногоон санхүүжилтийг дэмжих зэргээр олон улс, хөрш орнуудын жишигт нийцүүлэн ажиллах шаардлага бий гэдгийг хэлж, Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны бодлогууд харилцан уялдаатай байж, дээрх асуудлуудыг анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцсэн тул төслийг хаалттай хэлэлцэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа гаргасан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжээгүй тул хуралдаан нээлттэй үргэлжиллээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар танилцуулав.

Манай улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байсан 1990-ээд оны эхэн үед Япон Улсын Засгийн газар тусламжийн гараа сунгаж 1-2.6 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, төмөр замыг сэргээн сайжруулах МОН-П1, МОН-П2 төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр зээл олгосон. Уг төсөл нь Улаанбаатар төмөр замын техник, технологийн дэвшилд төдийгүй, Монгол Улсын хөгжилд тухайн үедээ бодитой хувь нэмэр оруулсан.

Монгол Улсын Засгийн газар тус зээлийг авсны дараагаар 2000 онд Монгол Улсын Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулахдаа зээлийн хүү 1.2-2.8 хувь, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгосон байдаг. Гэхдээ энэ нь төрөөс төмөр замыг дэмжин харж үзсэн оновчтой шийдвэр байсныг дурдах нь зүйтэй. МОН-П1, МОН-П2 төсөл нь 7.9 тэрбум иен буюу тухайн үеийн албан ханшаар 78.6 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц дүнтэй зээл байжээ.

Төслийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн зарим арга хэмжээнээс дурдвал: Төслөөр авсан ДАШ7 серийн зүтгүүрийг тухайн үедээ ОХУ-д үйлдвэрлэсэн 2М62 серийн зүтгүүртэй харьцуулахад түлшний зарцуулалт 20-30 хувь, тос маслын зарцуулалт 18 дахин бага байсан ба Багануур-Улаанбаатар хооронд нүүрс тээвэрлэлтийн 80 орчим хувийг ДАШ7 серийн 2 ш зүтгүүрээр гүйцэтгэсэн. Мөн ачаа болон зорчигчийн вагоныг худалдан авсан хэмнэлтийн зөрүүнээс 18 сая ам.доллараар 1400 км урттай шилэн кабелийг төмөр замын шугамын дагуу суурилуулсан нь манай улсад интернетийн сүлжээний үйлчилгээг бий болгосон анхдагч байжээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2000-2014 онуудад 48 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж байсан ба 2014 оноос хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл түүний хүүгийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон байна.

Улсын Их Хурлын 2019 оны 52 дугаар тогтоолоор тухайн үеийн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр, алдангийн нийлбэр дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлөгдсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцсон хэдий ч одоогоор 131 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Монгол-Оросын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны олон улсын хэлэлцээрээр дизель түлшний онцгой албан татвар төлөх үндэслэлгүй байсан хэдий ч авсан зээлийн дүнгээс тооцон төлбөрийг барагдуулсан.

Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, зээлийн үлдэгдэлээс нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7 тэрбум төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг мөн 83.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийх, үлдэгдэл 47.3 тэрбум төгрөгийг тус нийгэмлэгээс Улсын төсөвт 2021-2025 онуудад төвлөрүүлэхээр тус тус тусгасан болно.

ОХУ-ын Тээврийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг хүндэтгэн үзэж, тус улсын Засгийн газрын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сард манай улсад ажлын айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцсаны эцэст хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “МОН-П1”, “МОН-П2” төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцсон гэлээ.

Эдийн засгийн байнгын хороо “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулж асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Тухайлбал, Монгол Улсын төмөр замын 50 хувь нь хөрш улсын мэдэлд байдаг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар тодруулахад “Манай улсын хувьд 1949 оны хэлэлцээрийг өөрчлөх асуудлыг дотооддоо бүрэн шийдвэрлэсэн бөгөөд ОХУ-тай энэ асуудлыг хэлэлцэх ажлын хэсгийг байгуулах шатанд явж байгаа” гэдэг хариултыг Л.Халтар сайд өгөв. Ц.Сандаг-Очир гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, МОН-П4 төслийн талаар Засгийн газрын түвшинд хэлэлцэж, шийдвэр гаргахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм.

1997-1998 онд МОН-П4 төслийн хүрээнд Багануур, Налайхын уурхайд зээл авч, тоног төхөөрөмжөө шинэчилсэн байдаг. Энэ хоёр уурхай нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн эрчим хүчээр хангадаг. Эдгээр уурхайн нүүрсний үнэ чөлөөлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн, тонн тутамдаа 4000-5000 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг хэлсэн юм. Улмаар эрчим хүчний үнэ тариф болон нүүрсний үнийг чөлөөлөх асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг Ц.Сандаг-Очир гишүүн лавлав. Б.Жавхлан сайд хариулт өгөхдөө “Ирэх жилээс шат дараатайгаар үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг хөндөх болно. Нүүрс, эрчим хүч, төмөр зам, нефтийн бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх асуудлыг шат дараатайгаар чөлөөлөх шаардлага бий” гэлээ.

“МОН-П1”-ээс “МОН-П11” хүртэлх төслүүд бий бөгөөд хэлэлцэж буй Улсын Их Хурлын тогтоолын төслийн хүрээнд “МОН-П1”, “МОН-П2” төслийн зээлд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн зүйлгүй, бүтцийн өөрчлөлт л хийж байгаа гэдгийг онцлон тайлбарлав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрсайхан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний олонх буюу 58.8 хувь нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдаанаар үргэлжлүүлэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Байнгын хорооноос хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан болохыг тэрбээр танилцуулсан. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой журмыг батлах; Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх ба жил бүр санхүүгийн тайландаа санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж хүргүүлэхтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэжээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээллийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар шуурхай явуулах нөхцөлөөр хангах; Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд төрөөс өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй зэрэг саналууд бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар төслийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх заалтын “Хорооноос” гэсний дараа “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор” гэж нэмэх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах үйлдэл ихээр гарч байгааг харгалзан гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд тусгах, хуулийн төсөлд туссан өөрчлөлттэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд тусгасан зөрчлийн шинжийг өөрчлөлтөд нийцүүлж, зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тодорхой заах зэрэг бусад хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг боловсруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Одонтуяа, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав. Э.Батшугар гишүүн, төсөл дээр блокчейн технологи дээр олборлолт хийх үйлчилгээг тусгах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн юм. Мөн виртуаль хөрөнгийг дамжуулах, аливаа нэг валют руу хөрвүүлэх дэд бүтцийг анхаарах, боломжуудыг нэмэгдүүлэх олон улсын чиг хандлагад нийцүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Төслийн 6.2-т виртуаль хөрөнгийг аливаа хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэхийг хориглосон нь оновчгүй зохицуулалт гэдэг саналыг хэлэв.

Ийнхүү гишүүд Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 34 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.