Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.10.14

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн санаачлан боловсруулж, 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.

Улсын Их Хурал 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор тусгасан байна.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, төслийн зүйлүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Иймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.