УИХ-ынхны гомдолд Цэц хариу өгөөгүй байна
2009.06.22

УИХ-ынхны гомдолд Цэц хариу өгөөгүй байна

Үндсэн хуулийн Цэц саяхан “Парламентын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд УИХ-ыг тараах дээр нэгдсэн дүгнэлт гаргана гэсэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна” гэсэн шийдвэр гаргасан юм. Эхлээд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд шийдвэрээ УИХ руу явуулсан боловч УИХ түүнийг нь хэлэлцээгүй байхад их суудлын хуралдаанаа хийгээд дахин шийдвэрт хүрчээ. Энэ нь УИХ-ыг үл тоож, Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчлөө, ингэснээр Үндсэн хуулиар заагдсан эрх мэдлийн зөрчилдөөнийг бий болгоод байна гэж УИХ-ын гишүүн Р.Гончигдорж саяхан мэдэгдсэн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн тэрээр Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр суусан боловч Цэцийн хуралдааныг орхиход хүрсэн. Энэ талаар сэтгүүлчид Цэцийнхээс байр суурийг сонсоход “Бид энэ асуудлыг хуралдаж байж шийднэ. Цэц хууль зөрчөөгүй. Цэцийн тухай хуульд гишүүдийн олонхоор Цэцийн хуралдааныг хуралдуулах, дахин хуралдуулах эрх, үүрэг бий. Бид УИХ-ыг харж байна” гэж мэдэгдлээ.Энэ талаар Цэцээс удахгүй мэдэгдэл хийх юм байна.
УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, нэгдсэн дүгнэлт гарган, зохих байнгын хорооны болон УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заажээ. Үүний “нэгдсэн дүгнэлт гаргаж” гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн эцсийн шийдвэрийг Цэц гаргаад байгаа юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.