Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөж байна
2021.08.17

Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн ордонд гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх уулзалт хийж байна. 

Уг уулзалтаар цар тахлын дараах эдийн засгийн асуудлуудын талаар хэлэлцэж байгаа аж. 

Цар тахлын үед манай улсын төсөв ба эдийн засгийн байдал хүндэрч болзошгүй байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалт хамгийн чухал гэдгийг эдийн засагчид онцолж буй. 

Гэвч Монгол Улсын улс хөрөнгө оруулагчдад тийм ч таатай биш улсад тооцогддог. Хэдийгээр манай улсын зээлжих зэрэглэл тогтвортой байгаа ч хууль эрх зүйн хүрээнд Монголд хөрөнгө оруулсан гаднын иргэн, аж ахуйн нэгжийг хангалттай хамгаалж чаддаггүй гэсэн шүүмжлэл хэвээр байгаа билээ.

Энэ чиглэлд юу хийх шаардлагатай талаар дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУСК-aас 2013-2014 онд 70 аж ахуйн нэгжийг хамруулан хийсэн хөрөнгө оруулагчдын гомдол, тэдгээрийн үр дагаврын талаарх судалгаа хийсэн байдаг. Уг судалгаагаар хөрөнгө оруулагчийг хамгаалах орчин хангалтгүйн улмаас алдагдал хүлээж болзошгүй эрсдэл бүхий нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум ам.доллар буюу хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 90 хувьтай тэнцүү байхаар тооцоо гарсныг Үндэсний хөгжлийн газар тодотгосон нь бий.

Хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар бодлого, зохицуулалтын ил тод бус байдал болон төрийн байгууллагуудын асуудалд үзэмжээрээ хандах, дур мэдэн шийдвэр гаргах байдал нь гомдол гаргах гол нөлөө бүхий хүчин зүйл болж байгаа гэжээ.

Түүнчлэн хөрөнгө оруулагчийн өмч хөрөнгийг хураах, эрхийг түдгэлзүүлэх (судалгаанд оролцогчдын 45%), ялгаварлан гадуурхах (судалгаанд оролцогчдын 24%) байдлыг томоохон хүндрэлүүдийн нэг гэж үзсэн байдаг.