"Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2021.07.02

"Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.02) 10 цаг 40 минутад эхэлж,  "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналтай гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв.

Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитйн газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн.

Тус Байнгын хорооны харьяа Төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар товч танилцуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 90 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 71 байгууллагад дүгнэлт гаргаж, 9 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 8 байгууллагад итгэл үзүүлж, 2 байгууллага аудитад хамрагдаагүй. Дүгнэлт гаргасан 71 байгууллагаас 64 байгууллагад “Зөрчилгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгч, 1 байгууллагад Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан.            

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 61 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 55 байгууллагад дүгнэлт гаргаж, 4 байгууллага аудитын түүвэрт хамруулан, 2 байгууллагад итгэл үзүүлсэн. Дүгнэлт гаргасан 55 байгууллагаас 46 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг”, 1 байгууллагад Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан гэв.  

Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, тодруулга авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухалбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тайлант хугацаанд хөдөө, аж ахуйн чиглэлээр байгуулагдсан үйлдвэр байгаа эсэх талаар тодруулахад, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барих ажил хийгдээгүй, аудитаар гараагүй гэсэн тайлбарыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв. Ингээд "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.