2021.05.25

Гэртээ 0-3 насны хүүхдээ харж байгаа аавууд 2021 оны долдугаар сарын 1-нээс тэтгэмжээ авна

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм.

Дээрх хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор тус хуулийн төслийг боловсруулж ийнхүү баталсан.

Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзсэнээс гадна дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байсан юм.

Цэцээс гаргасан дүгнэлттэй холбоотойгоор Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулсан:  

  • 1 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:“7.6. Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.”
  • 2 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж,  2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмсүгэй.
  • 3 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
  • “6.3. Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.”
  • 4 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “эцэг, эсхүл” гэснийг хассугай.
  • 5 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.    

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

Хуулийн хэлэлцүүлгийн явцад гишүүд жилдээ хэдэн эцэг тэтгэмж авах тооцоо, судалгаа байгаа талаар мөн санхүүжилийн асуудлыг хэрхэн шийдэхийг салбарын сайдаас тодруулж байсан. Хууль хэрэгжсэнээр жилдээ 20 мянган эцэг тэтгэмж авах бөгөөд 6,6 тэрбум төгрөг шаардагдана. дээрх төсвийг энэ жилийн хувьд зохицуулах боломжтой гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулт өгсөн юм.

Дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ээж нь ажилдаа орвол хүүхдээ харж буй аавд нь тэтгэмж олгохоор тусгалаа. Тус хуулийг 2021 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn