Малчдын амжиргааг дээшлүүлэхэд төрөөс тусгай бодлого баримтлах нь зүйтэй
2009.04.10

Малчдын амжиргааг дээшлүүлэхэд төрөөс тусгай бодлого баримтлах нь зүйтэй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өчигдөр өргөн барилаа.

Уг тогтоолын төслийг Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ.


Статистикийн мэдээгээр 2008 оны эхний байдлаар манай улсад 170 гаруй мянган малчин өрх байгаагийн 36 хувь нь 100 хүртэл малтай, 32 хувь нь 100-200 малтай, 26 хувь нь 200-500 малтай , зургаан хувь нь 500-аас дээш малтай байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай оронд хүчтэй нөлөөлсний зэрэгцээ мал ахуйгаа эрхлэн хөтлөх арга барил, эрсдэлийг даван туулах чадвар дутмаг байдал, ган зудны улмаас мал аж ахуйн салбарт ихээхэн хохирол учруулж, олон мянган малчин өрх амьжиргааны эх үүсвэр болсон малаасаа салж хөдөөд ажилгүйдэл ядуурал ихсэх боллоо. Иймд төрөөс батлан хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны чиглэлүүдэд мал аж ахуйн салбарын хөгжил, малчдын талаар баримтлах бодлогыг тодорхойлох шаардлага гарч байгаа юм.

Дээрх тогтоолын төсөл УИХ-аар хэлэлцэгдэн батлагдвал төрөөс малчдын талаар баримтлах бодлогын зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх таатай орчин бүрдэх юм. Мөн малчид сайн дурын үндсэн дээр хоршоо нөхөрлөл , бүлгийн зохион байгуулалтад орж, бэлчээр нутгаа хамтран эзэмших, бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд борлуулах сүлжээтэй болж амьдралын төвшин сайжрах боломж бүрдэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.