Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив
2021.03.16

Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр (2021.03.16) хийж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 11 цаг 15 минутад эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалан хуралдуулав. Байнгын хорооны 19 гишүүнээс 8 гишүүн хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 5 гишүүн цахимаар оролцсон юм.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.

Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байннгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, нэр дэвшигч Ж.Мөнхбат гишүүн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлыг сайн хийж, олон чухал шийдвэр гаргуулсан учраас цаашид энэ ажлаа үргэлжлүүлмээр байна гээд Улсын Их Хуралд олон удаа сонгогдсон туршлагатай, тулхтай гишүүний хувьд Н.Энхболдыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх санал гаргав. Гэвч Н.Энхболд гишүүн нэрээ татаж, намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.