УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан БЗД-т оршин суугаа Ховд нутгийн ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2020.10.03

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан БЗД-т оршин суугаа Ховд нутгийн ахмадуудаа хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан олон улсын Ахмадын өдрийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүрэгт амьдардаг Ховд нутгийнханаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нь Ховд аймгийн Дарви сумаас гаралтай бөгөөд Баянзүрх дүүрэгт амьдардаг Ховд нутгийнхандаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг анх удаа ийн зохион байгуулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн нутгийнхаа ахмад буурлуудад Баянзүрх дүүргийн намын хорооны нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Баянзүрх дүүргийн хөгжил дэвшил, дүүргийн 350 мянга гаруй иргэдийн ахуй амьдралын асуудлыг шийдвэрлэх чухал нэгэн сонгуулийн өмнө болж байгааг онцлон хэлсэн юм. Мөн цаашид дүүрэгтээ оршин суугаа Ховд нутгийнхантайгаа уулзаж, тэдний санал, хүсэлт, сургамж, захиасыг авах арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, эргэх холбоотой ажиллана гэдгээ илэрхийлж байв.

Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон ахмад буурлууд баярын өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан болон дүүргийн намын хорооны гишүүдэд талархал илэрхийлж, аж амьдралын нөхцөл байдал, дүүрэг, хорооныхоо хөгжил дэвшлийн талаар санал хүсэлтээ илэрхийлж байв.

Тухайлбал, БЗД-ийн 20-р хорооны Гачуурт тосгоны иргэн н.Дэлэгням “Өнөөдөр билэг дэмбэрэлт сайхан өдөр болж байна. Монголчууд бид дөч гарсан эр дөрвөө дарсан ат гэж ярьдаг шүү дээ. Үүний нэгэн ижил жинхэнэ дөч гарсан эр буюу Э.Бат-Амгалан гишүүний хувьд Монгол Улсад их зүйлийг хийнэ ээ гэж бодож байна. Тийм ч учраас өнөөдрийн уулзалтыг ихэд билэгшээж байна. Мөн дүүргийнхээ иргэд тэр дундаа Ховд нутгийнхаа ахмадыг цуглуулж, баяр хүргэж буйд нь талархаж байгаагаа хэлмээр байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.