2020.10.29

С.Чинзориг: Засгийн газрын саналтай уялдуулж тэтгэврийн шинэчлэл хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.29/ хуралдаанаар Н.Учрал нарын 5 гишүүн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн  Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт, асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Аливаа шинэчлэл, тогтолцоотой холбоотой асуудлыг УИХ-ын гишүүнээс илүү салбарын сайд, байгууллагуудаас оруулж ирэхийг дэмждэг. Би энэ хуулийг дэмжиж байгаа ч одоогийн төслөөр нь хэлэлцэхийг дэмжихгүй байгаа юм.

Одоогийн төлж байгаа тэтгэврийн даатгалын шимтгэлийн 4%-ийг аваад санхүү, арилжааны даатгалын байгууллагуудаар аривжуулах үйл ажиллагааг хийгдэнэ гэж байна. Хэзээ тэтгэврийг нь өгөх юм бэ? Ямар хэмжээний тэтгэвэр өгөх нь тодорхойгүй байна. Хэрвээ шимтгэлийн 4%-ийг аваад хуримтлалд оруулна гэх юм бол жил тутам 350 тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүжилт шаардана. Энэ бол тэтгэврийн шинэчлэл биш одоогийн тэтгэврийн тогтолцоог эвдэх санал байгаа учраас болгоомжилж байна. Тиймээс хойшлуулья. Засгийн газрын саналтай хамт хэлэлцье гэж хэлсэн. 

Одоогийн тэтгэврийн даатгалын тогтолцоогоо эвдчихвэл тэтгэврийг нь цаг тухайд нь өгөхгүй болох нөхцөл үүснэ. Улс төржсөн шийдвэрээс болж даатгалын сан маш хүнд байдалд ордог. 1995-2000 он ажлаагүй хэрнээ ажилласан жилийг тооцож НДС-г маш их алдагдалд оруулсан. НДШ-ийн хэмжээг 14/10 зарчимд шилжүүлэн бууруулсан. Ийм улс төрчдийн үйл ажиллагаанаас болж НДС, тэтгэврийн асуудал хүндэрч байгааг ойлгох ёстой. Засгийн газар энэ шинэчлэлээ дэмжиж байгаа бол олон давхаргат байх юм уу, хагас хуримтлалынх байх уу? хувийн тэтгэврийн дэмжвэл нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцоогоор явах юм уу? Одоогийн гишүүдийн оруулж ирсэн зарчмаар албан журмын хуримтлалын сан хэлбэрээр байх юм уу? концефцийн асар их зөрүүтэй ойлголт байгаа юм. Тиймээс энэ хуулийн хэлэлцэх эсэхэд нухацтай хандах ёстой. Хэлэлцэх эсэхийг хойшлуулаад Засгийн газрын тогтолцооны шинэчлэлтэй холбоотойгоор хуулиуд орж ирэхэд хамт хэлэлцүүлээд явья гэж үзэж байна. Түүнэс биш тэтгэврийн шинэчлэлийг нэг хэсэг нь дэмжээд нэг хэсэг нь дэмжихгүй байна гэж хуваагаад байна. Тийм биш шүү."