2020.10.28

Ц.Мөнх-Оргил: Хэлэлцэж байгаа бүх хуулиар дүгнэлт гаргаж байх нь зүйтэй

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа.  “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Нилээн хүнд суртал давж байнгын хороо, гишүүд дүгнэлт гаргуулах юм байна. Анх дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байхдаа бүх хэлэлцэж байгаа хуулиудаараа товчхон ч гэсэн дүгнэлтүүд гаргуулаад баймаар байна. Энд хүн хүчний бололцоо хэцүү байна уу? Илт үндсэн хууль зөрчсөн, эсвэл өөр хууль зөрчсөн, хоорондоо нийцээгүй зүйлсийг бид нараар заавал нэхүүлэлгүй, үүн дээр санал өгөөч гэж гуйлгуулаад байлгүй, гишүүдийг хүлээлгүйгээр саналаа өгөөд байх бололцоо байхгүй юу?

Хэлтсийн дарга, хууль эрх зүйн газрын дарга, тэргүүн дээд дарга гэж гурван даргаар дамжих хэрэг байна уу? Хэлтсийн дарга эсвэл хууль эрх зүйн газрын дарга дүгнэлтээ гаргаад ирвэл ажил хурдан явна.

Үр дагавар нь юу байх вэ? Эцсийн дүндээ дүгнэлт гаргаад хуультай нийцсэн эсэхийг хэлсэн байхад гишүүд бидэнд хууль тогтоогдогчдод ямар үр дагавар гарах ёстой вэ? 

Түүний асуултанд Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын дарга Түвшинжаргал хариуллаа.