Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлтийг танилцуулав
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.16) хуралдаан 09 цаг 04 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр шийдвэрлэв. Хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцууллаа.
2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол ирүүлжээ.
Үндсэн хуулийн цэц уг маргааныг хэлэлцээд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.
Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … хөрөнгө чинээ ... -гээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. ...”, мөн зүйлийн 12 дахь заалтад “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;”, мөн зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчөөгүй хэмээн дүгнэлт гаргасан болохыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хариулт тайлбар авсан юм.