Б.Энх-Амгалан: Зуншлага муу байсан аймаг, сумдад гамшгийн зэрэглэл тогтоох асуудлыг яаралтай хийж өгөөч
УИХ-ын өнөөдрийн \2020.10.02\ үдээс хойших чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Говь - Алтай аймагт өвөлжилт хүндрэх нь ээ. Сая орон нутагт ажиллаж байх үед өвс тэжээл хомстолтой, нэг боодол нь 14 мянган төгрөг байна. Гэтэл нэг ямаа 30 мянган төгрөгийн үнэтэй байна. Малын түүхий эд ямар ч үнэгүй болсон байна.
Нэгдүгээрт, Хилээр өвс оруулах асуудлыг Засгийн газар анхаарч өгөөч. Ингэхгүй бол улсын хэмжээнд өвсний нөөц багассан, малаасаа үнэтэй өвс авах гээд байна.
Хоёрдугаарт, Улсын нөөцийн махны бэлтгэлийг нэмэгдүүлээч.
Гуравдугаарт, Зуншлага муу байсан аймаг, сумдад гамшгийн зэрэглэл тогтоох асуудлыг яаралтай хийж өгөөч.
Ер нь бол Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үүднээс арьс, шир дээр татаас өгч байсан туршлага бий. Энэ чиглэлээр арга хэмжээ авах ямар арга байна вэ? ингэхгүй бол өвөлжилт хүндрэхээр байна.
Түүний асуултад Шадар сайд Я.Содбаатар хариулт өглөө.
-Говь-Алтай аймагт бид онцгой анхаарч байгаа. Эрсдлийн үнэлгээ хийж байна. Аймгийн Засаг даргаас мөн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд анхаарч өгөөч гэсэн бичиг ирсэн. Үүнийг ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэнэ.