Уран барималч Л.Ганхуяг Богд хаант Монгол Улсын тамганы дардасыг дурсгалаа
УИХ-ын гишүүн Б.Энхамгаланд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Уран барималч Л.Ганхуяг Богдын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах санал санаачилгыг анхнаас нь дэмжиж, хамтран зүтгэсэнд талархал илэрхийлж, Богд хааны хөшөөний жижигрүүлсэн хүрэл эх загвар, Богд хаант Монгол Улсын тамганы дардасыг дурсгалаа.
УИХ-ын гишүүн Б.Энхамгалан: Арван гурван жилийн өмнө эхэлсэн энэ ажил олон хүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтсэн юм.
Нийслэлийн таван Засаг дарга, гурван Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд явж байж, сая Богдын мэлмий гийсний 150 жилийн ойн босгон дээр олны хүртээл боллоо.
Энэ цэцэрлэгт хүрээлэн газрын маргаан, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал зэрэг олон саад давааг давсаар бүтэх бүтэхгүйн заагт бүдчин, бидний тэвчээрийг шалгасан эсвэл бүтэх цаг дороо боссон алин болохыг эс мэдэвч 13 жилийн дараа Монгол Улсын тусгаар тогтнолыг дахин батжуулсан түүхт ногоон ордныхоо дэргэд, цэцэрлэгт хүрээлэнгийн гэгээн хойморт ийнхүү сүндэрлэн бослоо.
Хөшөө дурсгалыг босгох санал санаачлагыг дэмжиж санхүүг нь баталж, санаа тавьж оролцсон тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, одоогийн УИХ-ын гишүүн гишүүн С.Амарсайхан, анхнаас нь дэмжиж тусалж ажилласан тухайн үеийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн НБД асан, одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ж.Батбаясгалан нар болон хөшөө дурсгалаар мэргэшсэн гэж хэлж болох Улаанбаатар хотын Ерөнхий менежер Л.Гантөмөр, Зарлигаар соёрхсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн үе үеийн удирдлагууд, Богд хааны ордон музейн захирал хамт олонд, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, гар бие оролцсон нийт хүмүүст Богдын хөшөө, их Монгол Улсын түүх дурсгал, өв соёлыг багтаасан уран баримлын цогц бүтээлийн чуулганыг санаачлагчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.