Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнөөдөр (2020.09.17) түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү хүндэтгэлийн ёслолд "Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийт оролцлоо. Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.
Та бид Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан түүхт Ардын хувьсгалын 100 жил, XX зууны Монгол Улсын сэргэн мандлыг удирдан зохион байгуулагч Монгол Ардын Намын 100 жилийн ойн босгон дээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал даргын мэндэлсний 104 жилийн ойг тэмдэглэн, хөшөөнд нь цэцэг өргөж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна.
Ю.Цэдэнбал Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 гаруй оронтой дипломат харилцаа тогтоох, бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр Монгол Улсаа элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн хүн билээ.
Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал насан туршдаа суралцаж олсон өргөн дэлгэр мэдлэг, ажил амьдралын баялаг туршлага, удирдах ажилтны авьяас билэг, нөр их хөдөлмөрөө Монгол орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зориулж, хичээн зүтгэсэн Монгол түмний эрхэмлэн дээдэлдэг хүү нь юм.
Юмжаагийн Цэдэнбал улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэд нь соёлт хүн төрөлхтний нийтлэг жишгээр ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж, сайхан ирээдүйн суурийг бүрдүүлэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн.
Хүн амаа эрүүлжүүлэх, орчин цагийн эрүүл мэндийн дэлхийн жишигт нийцсэн тогтолцоо бүрдүүлэх бодлогыг дэвшүүлэн, богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, хүн амаа өсгөхөд Ю.Цэдэнбал дарга онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэрбээр Монгол оронд боловсрол соёлын үрийг таригч, ургуулан тордогч, шимийг хүртээгч байсан. Ардын боловсролын бүхэл бүтэн тогтолцоог төлөвшүүлж, МУИС, АШУҮИС, ШУА-ийг байгуулж, сансар огторгуйд мөрөө гаргасан дэлхийн цөөн орны нэг нь Монгол Улс болсон. Хүн амын дөнгөж 1 хувь нь эх хэлээрээ уншиж, бичиж байсан Монгол орныг бүх иргэн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болгож, ЮНЕСКО-гийн шагнал хүртэх хэмжээнд хүргэсэн гавьяа түүний нэр, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Өнөөдрийн бүтээн байгуулсан бүхэн Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, 330 сум, 21 аймаг, Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалт бүхэн Ю.Цэдэнбалын үйл ажиллагаа, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.
Улсын эдийн засгийн бодлого, үзэл баримтлалыг тодорхойлох, үндэсний банк санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, зам тээвэр, холбоо харилцаа, аж үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог бүрдүүлэх нэн төвөгтэй, амаргүй бэрхшээлтэй ажлыг тэрбээр удирдсан юм. Хөдөөг хоршооллох, нэгдэлжих хөдөлгөөн, атрыг эзэмших, мах, сүү, төмс, хүнсний ногоо, гурил будаа гээд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болох түүхэн зорилт түүний үед л амжилттай хэрэгжүүлсэн юм. Тархай бутархай хувийн аж ахуйтан давамгайлсан мал аж ахуйн орныг 40 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуй хосолсон орон болгон хувиргах, хөгжүүлэх их үйлсийг Ю.Цэдэнбал толгойлон зохион байгуулсан нь түүхэн үнэн юм.
Нийт улс үндэстний олсон ололт, хүрсэн амжилтыг нэг хүний нэртэй холбох нь өрөөсгөл хэдий ч чухамхүү тэр он цагуудад төр улсаа удирдаж байсан төрийн зүтгэлтний түүхэн үүрэг, гавъяаг орхигдуулж ба болохгүй.
Нийгэм, улс төрийн тогтолцоог эрүүл саруул байлгах, авлигагүй нийгмийг төлөвшүүлэх, иргэн бүхэн нь хуулийн өмнө эрх тэгш шударга байж, хүн бүр орлоготой ажилтай байх нөхцөлийг бүрдүүлэх талаарх энэ хүний ухаалаг бодлогыг судлах нь одоогийн бидэнд нэн чухал байгааг тэмдэглэхийг хүсэж байна.
Аль ч улс орны түүх, хөгжил дэвшилд алдаа, оноо ямагт дагалдаж байдаг нь жам билээ. Түүхэн замналаа үнэн зөвөөр дүгнэж, түүхээс сургамж авч, түүхийг бүтээгч сод хүмүүсийнхээ бахархалт жишээнээс суралцах нь бид болон хойч үеийнхний эрхэм зорилт байх учиртай.
Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөдөлмөр тэмцэл, холч ухаан, гэгээн үйлс хойч үедээ ямагт үлгэр дуурайл болж, мөнхийн гавъяа нь эгнэгт дурсагдах болтугай.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг үг хэлсний дараа Монгол Улсын Ардын багш, гавъяат багш, академич, доктор, профессор Ч.Авдай, МАН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга асан, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ц.Балхаажав нар төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг дурсаж, үг хэлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.