УИХ-ын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч Х.Баттулга нээлээ
2020.06.30

УИХ-ын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч Х.Баттулга нээлээ

2020-2024 оны парламентын анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр /2020.06.30/ товлогдож, дөнгөж сая эхэллээ.  Анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:

-Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асан олон ажил хүлээж байгаа хариуцлагатай цаг үед та бүхэн ард олны итгэлийг авч, сонгодлоо. Та бүхэн хариуцлагатай байж, ард иргэдийнхээ боломжийг хулгайлахгүй байхыг хатуу анхааруулж байна. Ёс зүйгүй, зарчимгүй үйлдэл та бүхнээс гарч болохгүй шүү. Ард түмний итгэлээр өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй. Мөн ард түмний дунд эргэлзээ төрүүлсэн учраас СЕХ-ны удирдлага яаралтай МАН найман жил эрх барьж, өнгөрсөн рүү буруу чихэх биш, шийдлээс бултах арга байхгүй.

Олонх болсондоо эрдэхгүй, улс орны өмнө нүүрлэсэн эдийн засгийн хямралыг даван туулах, ажлын байр хадгалах оновчтой шийдвэр, шийдэл гаргуулахаар ард түмэн итгэл хүлээлгэсэн. Сөрөг хүчин сөргөлцөхөөс илүү ойлголцож, хамтарч ажиллахыг анхааруулж байна. Энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар их үнэтэй, сургамж үлдээж байгааг анхаарч, сонгуулийн ситем, аргачлалаа солих хэрэгтэйг сануулж байна. Монгол Улсын өмнө хохирол багатайгаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, шаардлагатай хууль дүрэм журмыг гаргах зэрэг маш олон хариуцлагатай ажил та бүхнийг хүлээж байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газартай маш нягт, ойлголцож ажилласны дүнд төмөр замын чиглэлийн бүтээн байгуулалтуудын эхлэлийг тавьж эхэлсэн билээ. Төмөр замын дэд бүтцийг дагуулан, говийн бүсийг усжуулах, яаралтай бүтээн байгуулах замаар гүний усыг уул уурхайд ашиглахыг хориглох, мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биелүүлэхийг өнөөдрөөс эхлүүлэх хэрэгтэй байна. Мөн үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэж буй ажлуудыг хурдан шуурхай бүтээн байгуулалтыг хийж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой орлогын баталгааг бий болгох, арьс шир боловсруулах 10 мянган үйлдвэр зэргийг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна.

Та бүхний өмнө иргэдийн амжиргааг дордуулахгүйгээр, иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна. Асар их ажил, зоригтой шийдэл та бүхнийг хүлээж байна. Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна" хэмээлээ.

Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг нээсний дараа УИХ-ын хамгийн ахмад настай гишүүн болох Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан даргалж явуулж байна. УИХ-ын сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгууллаа.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн 13 нам, 4 эвслийг бүртгэж батламж олгосон болно. УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Үүнд: Монгол Ардын Нам – 76, Ардчилсан Нам – 76, Монголын Ногоон Нам – 15, Та бидний эвсэл – 74, ШИНЭ эвсэл – 72, Зөв хүн электорат эвсэл – 53, Ард Түмний Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Их Эв Нам тус бүр 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам – 13, Хөгжлийн Хөтөлбөр Нам – 7, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл – 34, Зон Олны Нам – 30, Дэлхийн Монголчууд Нам – 3, Ард Түмний Олонхийн Засаглал Нам – 24, Гэр Хороолол Хөгжлийн Нам – 4 хүн нэр дэвшүүлж сонгуульд оролцлоо.

Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгалаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгааг нам, эвсэл, нэр дэвшигчид өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Засгийн газраас баталсан журмын дагуу цахим орчин, хэвлэл мэдээлэл, зурагт самбар, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглаж уулзалт цуглааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хэрэгсэлтэйгээр зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 13 дугаар тогтоолд заасан цаг хугацаанд зохион байгуулж явууллаа. 

Сонгуулийн дүнгээр Монгол Ардын Намаас – 62, Ардчилсан Намаас – 11, “Та бидний эвсэл”-ээс /МАХН-ИЗНН-МҮАН/ – 1, “Зөв хүн электорат” эвслээс – 1, бие даан нэр дэвшигч – 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Улсын Их Хурлын гишүүдийн 38 нь анх удаа сонгогдсон, 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. Нийт гишүүдийн 14 /18.42 хувь/ нь хуульч, эрх зүйч, 21 /27.63 хувь/ нь эдийн засагч, 12 /15.79 хувь/ нь инженер, агрономич, 14 /18.42 хувь/ нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 /11.84 хувь/ нь эмч, багш, 6 /7.89 хувь/ нь бусад мэргэжлийн хүн байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 76 гишүүнийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.