С.Эрдэнэ гэж хэн бэ?
2020.05.21

С.Эрдэнэ гэж хэн бэ?

2004 оноос 2008 оны хооронд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байв.

Анх очиход Нийгмийн даатгалын ерөнхий газар нэрнийнхээ урд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэх сүржин хаяг зүүвч ачир дээрээ айлын дагавар хүүхэд шиг нөхцөлд байв.

Ерөнхийдөө гол цөм нь болох 40-өөд хүн Дээд шүүхийн байрны хоёрдугаар давхарт, үлдсэн 10-аад хүн нь өөр газар байр түрээслэж толгой хорогддог. Нэг байгууллага ийн 2,3 хэсэг тасарч байрлах нь нэгдсэн удирдлагаар хангахад түвэгтэйн зэрэгцээ цалгар назгай байдлыг өөгшүүлж байлаа. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг шиг үүднээсээ эхлээд л таалагдах зүйл байсангүй.

Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллагын талаархи иргэдийн ойлголт муу, нийгмийн даатгалд хамрагдах хүний тоо ч цөөн байв.Тиймээс Ажлын хэсэг томилж нийгмийн даатгалтай холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн актуудын эмхэтгэл гаргахаас ажлаа эхлүүлэв.

Эхний удаа 10.000 хувь хэвлүүлээд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдээс зэмлэл хүртэв. Тэд хэнд ч хэрэггүй зүйлд дэмий мөнгө зарлаа хэмээн ам уралдан буруутгалаа. Гэвч хоёр сарын дараа өөрсдөө “Ногоон ном” сурсаар орж ирдэг болов.

Ингээд дахин 15.000 хувь хэвлүүлжээ. Хэвлэх болгонд л хэдхэн сар болоод дуусчихаад байв. Ийн хэдэн сар ажилласны дараа намайг арай өөр нүдээр харах болсон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн аливаа асуудал дээр дэмжих үзэгдэл ажиглагдах болсон.

Нийгмийн даатгалын ерөнхий газрыг өөрийн гэсэн байртай болгох бодолтой байгаагаа үндэсний зөвлөлийнхөнд хэллээ. Тэд ч дэмжив. Ингээд бүтэн хоёр жил уйгагүй хөөцөлдөж, зүтгэж шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авлаа.

Тухайн үеийн өртгөөр 1.2 тэрбум төгрөгт багтаан долоон давхар барилга барив /1.2 тэрбумаар бариулсан барилгынх нь үнэ цэн арван жилийн дараа 12 тэрбум төгрөг болж өсчээ/. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдэл банкуудын харилцах дансанд ямар ч хараа хяналтгүйгээр байршсан, ер нь л их назгай байдалтай байв.

Би аудитын шалгалт оруулахыг хүсэв. Гэвч аудитынхан хөдөлж өгсөнгүй. Дахин дахин шаардсаар арай гэж шалгалт оруулахаар боллоо.

Гэтэл санхүү хариуцсан ажилтан нь ажлаа хаяад алга болчихов. Гурван сар өнгөрлөө. Санхүүгийн ажилтан байхгүй учраас аудитынхан шалгалт хийх боломжгүй байлаа.

Сүүлдээ өөрөө хөөцөлдөж байж нөгөө ажилтнаа олж ирэв. Дуртай дургүй шалгалт орсон боллоо. Дүн нь гарах гэж шалгалт оруулснаасаа их юм болов. Маш хүчин чармайлт, хугацаа зарцуулсны эцэст шалгалтын дүн гар дээр ирлээ. Өмнөх удирдлагууд нийгмийн даатгалын хөрөнгөд дэндүү гэмээр назгай ханджээ. Ерөөсөө л цалгар назгай байлгах нь мөнгө идэх сайхан боломж бий болгох учраас санаатайгаар тэгж хандсан байж мэднэ.

Нэг удаагийн гүйлгээгээр 230 сая төгрөгийг Зоос банкинд шилжүүлсэн нь /тухайн үеийн 230 сая төгрөг өнөөдрийн 230 тэрбум төгрөгтэй тэнцэнэ/ анхаарал татлаа. Нийгмийн даатгалын ажилтнууд мөнгөнийхөө мөрөөр хөөсөөр Зоос банкинд очсон боловч “Манайд тийм мөнгө орж ирээгүй” гэсэн хариу өгөх нь тэр. Асуудал үүслээ.

Шилжүүлгийн баримт дээр Зоос банкруу шилжүүлсэн байдаг. Гэтэл Зоос банкинд мөнгө орж ирээгүй байв.  Лавшруулаад шалгаад үзтэл мөнгө “Зоос” банк руу бус “Алтжин” компанийн данс руу орсон нь тодорхой болов. Асуудал эрүүгийн хэрэг болж хувирав. Нийгмийн даатгалын хөрөнгийг арилжааны банкуудын харилцах дээр сул задгай байршуулж орхидог асуудал бол “Мөсөн уул”-ын зөвхөн орой нь байв.

Тиймээс хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. Энэ мөчөөс эхлэн өмнө нь нийгмийн даатгалыг толгойлж байсан хүмүүс болон МАН-ын нөлөө бүхий гишүүдийн зүгээс байнгын дарамт шахалт ирэх боллоо.

“Алтжин” компанийн данс руу орсон “230 саяын хэрэг” ч замрхах талдаа оров. Тэд хэргийг замхруулахын тулд ямар ч аргаар хамаагүй зайлуулахыг зорилгоо болгож байлаа. Ингээд тэд “Эрдэнэ Сэлэнгийн нэг зочид буудлыг нийгмийн даатгалд өндөр үнээр шахах гэсэн” хэмээн гүтгэлэг тараав. Цагдаа ч шуурхай ажиллаж “230 саяын хэрэг”-тэй харьцуулах аргагүй тийм хурднаар асуудлыг шалгаж эхэллээ.

“60 саяын үнэтэй буудлыг 90 саяар нийгмийн даатгалд шахаж дундаас нь 30 сая төгрөг завших гэсэн” хэмээн гүтгэлэг тараав.

2000 онд хувийн компанийн данс руу зувчуулчихсан 230 сая төгрөгийг төрд буцаан авчирах гэсний төлөө, бас банкууд дээр ямар ч хүү авалгүй сул задгай байршуулж байсан нийгмийн даатгалын хөрөнгийг Нийгмийн даатгалын санд татан төвлөрүүлж, хүү тооцуулж эхэлсний төлөө “30 сая төгрөг завших гэсэн” хэрэгт гүтгэгдэв.

Магадгүй өөр хүн байсан бол асуудлыг хэл чимээгүйхэн дараад албан тушаалдаа үлдэх байсан биз.

Улсын хөрөнгө мөнгийг дураараа завших сайхан боломжийг олгож байсан тэр системийг эвдэж, Нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлэх ажлыг эхлүүлж, алдагдсан хөрөнгийг нэхэмжилсэн юм.

#Монгол_хүн
#Монголын_үнэт_ЭРДЭНЭ