2025.06.20

Б.Жавхлан: НД-ын Ерөнхий хуульд оруулж буй өөрчлөлтөөр сангийн орлого 1.1 их наядаар буурч, татвар төлөгчдийн ачааг нэмэх шаардлага үүснэ

УИХ-ын /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Б.Түвшин нарын 41 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхиий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа ийн илэрхийлэв.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын сангийн орлого 1.1 их наяд төгрөгөөр буурахаар байна. Ингэсэн тохиолдолд тус сангийн зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр буюу 20 шахам хувиар бууруулах шаардлагатай. Эсвэл ийм хэмжээгээр санд татаас олгох буюу татвар төлөгчдийн нуруун дээр энэ ачааллыг үүрүүлэх нөхцөл байдал үүсэхээр байна. Нийгмийн даатгалын сан нь ажил олгогч, даатгуулагч, төрөөс төлсөн шимтгэлээс бүрдэж, буцаад зардал гаргадаг. Нийгмийн даатгалын сангийн орлогыг бууруулж байгаа нөхцөлд нөгөө талд улсын төсвийн татаас нэмэгдэх сөрөг үр дагавар үүснэ. Улсын төсөвт ирэх ачааллыг тооцоолох шаардлагатай. Мөн орлогоо бууруулаад, зардал нь өсөөд байвал сангийн орлого, зарлагын тэнцвэртэй байдал алдагдана. Тооцоотой, судалгаатай, зардлаа хэрхэх талаар бодох нь зүйтэй. Салбарын яамнаас нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр холбогдох хуулиудыг боловсруулсан байна. Тэдгээр хуулиудтай нийцүүлж, нийгмийн даатгалын шинэчлэлийг цогцоор нь авч үзэх саналтай байна.