2020.05.04

Цар тахлын үед тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх багц арга хэмжээг эхлүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Б.Чойжилсүрэн, Л.Мөнхбаатар нар “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол”-ын төслийг Улсын Их Хурлын даргад  2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн барьж, УИХ-аар 6 хоног хэлэлцүүлэн 04 дүгээр сарын 29-ний өдөр эцэслэн баталсан юм. 

Дэлхийн 200 гаруй улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар /СО\/ID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулжээ.

Тогтоолоор,
  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, 

  • Зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, 

  • Цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, 

  • Хүн амын эрүүл мэнд, улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, 

  • Жижиг, дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, 

  • Банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх 

Тухайлбал, 
  • Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, 

  • Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,

  • Ноолуурын түүхий эдийн экпорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд нарийвчлан орсон. 

Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн, Санаачлагч

“Тогтоолд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон. Засгийн газраас гаргасан 101 тоот тогтоолын жишгээр Монголд жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуур авалтыг хийж эхэлсэн. Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, ноолуур худалдан авах ажиллагаа явагдаж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл үүссэн учир Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон.”

“Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол” батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжиж байна. 

Ц.Соёлмаа