2020.04.24

Ж.Бат-Эрдэнэ: Ноолуурын үлдсэн 70 хувиа хэдэн төгрөгөөр авч чадах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Ш.Раднаасэд гишүүний “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулав.

Шинэ төрлийн коронавирусийн энэ үед  ноолуурын салбарыг дэмжих зорилгоор ноолуур  бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкаар дамжуулан авч байгаа аж. ХХААХҮЯ-ны зөвшөөрөлтэй 10 гаруй компани 2000 гаруй тонн ноолуур худалдан авах гэрээ  байгуулан ажиллаж байгаа  аж. Дараагаар нь гишүүд  асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Ч.Улаан сайд та улайхгүй л ярих юм аа. Таны өмнөөс бид малчдынхаа өмнө нүүр улайгаад уулзах боломжгүй ч болоод байна. Гадаад зах зээл зогсчхоод байна. Үйлдвэрлэгчид шантаажлаад боогоод хямд авах гээд байгаа зүйл байхгүй. Маш олон үйлдвэрүүд зогсож ажилчдаа халж байна. Дэлхий ноолууранд анхаарч байгаа юм алга. Бүгд мартсан. Ийм нөхцөлд бид арай өөрөөр хандах хэрэгтэй. 

Дөнгөж 30 хувийг 100 мянгаар авчихлаа. Үлдсэн 70 хувийг нь яах вэ? Яг хэдэн төгрөгөөр бид авч чадах юм. Малчиддаа үнэнийг хэлэх цаг болсон. Ноос ноолуурын холбооны зүгээс та нарт талархалтай байгаа. Ноолуур хөтөлбөр баталж өгсөн, жил бүр ноолуурын эргэлтэд тодорхой хөрөнгө гаргаж өгч байгаа.  Гагцхүү зах зээл тэр чигээрээ уначхаад хөдөлж чадахгүй байгаад л байна. Малчиддаа бид хөнгөлөлт үзүүлж чадах уу үгүй юу.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.